Беларусь улсад өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко нийт сонгогчдын 84 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгууллаа. Сонгуулийн ирц 86.8 хувь байсан бөгөөд Лукашенкотой өрсөлдсөн 3 нэр дэвшигч тус бүр 5 хүрэхгүй хувийн санал авсан байна.
Ийнхүү 1994 оноос хойш болсон 4 удаагийн сонгуульд ялалт байгуулсан Александр Лукашенко энэ удаад дахин сонгогдож, 5 дахь бүрэн эрхээ эхлүүлэхээр болж байна.
Беларусийн 61 настай Ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 онд Беларусь улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаар тогтнолоо зарласнаас хойш энэ улсын төрийн эрхийг 21 жил барьж байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар Лукашенкотой өрсөлдөхүйц хүчтэй өрсөлдөгч байгаагүй, ялах нь тодорхой байсан гэж ажиглагчид дүгнэж байна.
Энэ нь сөрөг хүчний нэр хүндтэй зарим гишүүний сонгуульд өрсөлдөх эрхийг хассан, мөн үүнээс үүдэн үлдсэн хэсэг нь сонгуулийг луйвар, булхайтай зохион байгуулна хэмээн нэр дэвшихээс татгалзсанаас үүдсэн байх үндэслэлтэй аж. Сонгуулийн санал хураалт дууссаны дараа Беларусийн нийслэл Минск хотод санал тооллогын дүнг эсэргүүцэн 100 орчим хүн жагссан байна. Жагсагчдын зарим нь тус улсын эрх баригчдыг ард иргэддээ хүндэтгэлгүй ханддаг гэж буруутган, олон иргэн сонгуульд санал өгөөгүй байхад сонгуулийн ирц ийм өндөр хувьтай гарсанд гайхаж байгаагаа илэрхийлжээ.
| Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо | ||
| Үзсэн: 240 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.