Шууд Chart

МҮОНТ-ийн эхлүүлсэн Сурагч солилцоо хөтөлбөр үргэлжилж байна

2015-10-12 13:52:53

Монголын Үндэсний олон нийтийн телевиз “Сурагч солилцоо” нэвтрүүлгийг олон жилийн туршид үзэгч та бүхэнд цувралаар хүргэсээр ирсэн. Бидний эхлүүлсэн энэ нэвтрүүлэг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Сурагч солилцоо” хөтөлбөр хот, хөдөөгийн сургуулийн багш, сурагчдыг холбох гүүр болон өргөжсөөр байна. Тодруулбал, “Сурагч солилцоо” хөтөлбөр нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор, Хэнтий аймгийн Галшар сумын сургуульд хэрэгжиж байна. Хотын сурагчид сумын сургуулийг зорьж, харин сумын сурагчид хотод долоо хоног суралцахаар боллоо.

Хэнтий аймгийн Галшар сумыг зорих гэж байгаа 3-9-р ангийн долоон сурагч бүгд хичээл номдоо сайн, үлгэр жишээ хүүхдүүд. Тэд эцэг, эхээсээ хол, бас огт хичээллэж үзэж байгаагүй хөдөөгийн тэр дундаа сумын сургуультай танилцахаар явж байгаа юм. Хэнтий аймгийн Галшар сумаас мөн л 3-9-р ангийн долоон сурагч БГД-ийн "Оюуны-Ундраа" сургуульд долоо хоног суралцахаар ирээд байна. Хотын сургуульд юу заадаг, хүүхдүүд нь хичээлдээ хэрхэн оролцдог, ер нь улсын нийслэлд сурахад бүх зүйл нь сонин, содон байгааг Галшар сумын сурагчид хэлж байна.

"Сурагч солилцоо" хөтөлбөрийг хоёр сургуулийнхан өргөжүүлж, сурагчдаас гадна багш нараа ч мөн  харилцан солилцож байгаа юм. Сурагч, багш нар долоо хоногийн хугацаанд хичээллэх сургуультайгаа танилцахаас гадна, дурсамж уулзалт, аялал зэрэг олон арга хэмжээнд оролцоно. Нийслэлийн "Оюуны-Ундраа" цогцолбор сургууль "Сурагч солилцоо" хөтөлбөрийг Хэнтий аймгийн бүхий л сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МҮОНТ-ийн эхлүүлсэн Сурагч солилцоо хөтөлбөр үргэлжилж байна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй