Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт хүүхдийн зүрхний хавсарсан гажгийн мэс засал хийхээр ирсэн БНСУ-ын эмч нарын багаж, хэрэгслийг гааль нэвтрүүлээгүй талаар бид мэдээлж байсан. Хэрвээ өөрсдөө зардал, мөнгөө гаргавал 60-80 сая төгрөг болох мэс засалд гурван ч хүүхэд үнэ төлбөргүй орж чадаагүй юм. Сэтгүүлч Б.Үүлэнсолонго энэ талаар эргэн сурвалжиллаа.
Солонгосын эмч нарын авчирсан нярай хүүхдийн зүрхний мэс заслын нэг иж бүрдэл багаж 20-30 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл 10-аад хүүхдэд хийхээр төлөвлөж авчирсан багажнууд нь гаалийн агуулахад тоосонд даруулаад 10 хонож байна. Манайд хийгдэх боломжгүй байгаа мэс заслыг үнэ төлбөргүй хийгээд өгье гээд зориод ирсэн эмч нарыг буцаахгүйн тулд, бас өвчиндөө шаналж байгаа нялх, балчир хүүхдүүдийн төлөө 3-р эмнэлгийнхэн есөн хүүхдэд өөрсдийн нөөцөнд байсан багаж хэрэгслээ ашиглаж амьдрал бэлэглэсэн юм.
Бидний хөндөж байгаа энэ асуудал зөвхөн энэ эмнэлэгт тулгамдаагүй. 3-р шатлалын бүх эмнэлэгт адилхан байсаар ирсэн. Дахин нэг жишээ татъя. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт АНУ-ын төслийн баг хиймэл амьсгалын аппарат, мэдээгүйжүүлэлтийн машин, эмнэлгийн ор гээд шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжийг нь өгөхөд бэлэн байдаг. Гэхдээ олон улс оронтой хамтардаг энэ байгууллага нэг л шаардлага тавьж байна.
Хандив, тусламжаар орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хил гаалиар нэвтрүүлэхдээ татвар, олон төрлийн шалгалтаас чөлөөллөө гэхэд өвчтөнд чанарын шаардлага хангахгүй зүйлээр мэс засал хийж, эмчлэх вий гэсэн айдас болгоомжлол бас байгаа. Хэрвээ хандив, тусламжаар орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг татвар, шат шатны хяналт шалгалтаас нь чөлөөлчихвөл олон зуун хүн гадны орныг зорьж, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. Эмч нараа ч бид чадавхжуулаад авна.
Салбарын сайдаас бид асуудлыг шийдэх гарц бий юу гэдгийг тодруулахад "Хандив, тусламжаар орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэлд татвар ногдуулахгүй байх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ" гэдгийг хэлсэн юм. Эрүүл мэнд, спортын сайдын хэлсэн журмын төслийг УИХ энэ намар хэлэлцэж баталвал ирэх оны нэгдүгээр сараас эхлэн асуудал бүрэн шийдэгдэх юм байна. Хэрвээ гишүүд олонхоороо дэмжвэл гадны эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тэр тусмаа Монголд хийгддэггүй нарийн мэс заслуудыг хийх боломж илүү нээлттэй болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хандив, тусламжаар орж ирж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмжөөс гаалийн татвар авах нь зөв үү | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.