Шууд Chart

БНХАУ, БНАСАУ харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэй байна

2015-10-13 06:47:48

БНАСАУ өнгөрсөн бямба гарагт эрх баригч Коммунист нам байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа цэргийн сүрт жагсаал хийж, ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэхүү ойн баярыг цэргийн сүрт жагсаалаар эхлүүлсэн нь тус улсын залуу удирдагч Ким Чен Ун эрх баригч намын удирдах түвшинд өөрийн байр суурийг улам бэхжүүлэхийг чармайж байгааг харуулсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Мөн БНАСАУ-ын залуу удирдагчийн урилгаар Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшан тэргүүтэй төлөөлөгчид Хөдөлмөрийн намын ойг тэмдэглэх ёслолд оролцон, Умардын удирдагчтай яриа хэлэлцээ хийгээд буцсан. Хятадын дарга төлөөлөгчдөөрөө Умардын удирдагчид баярын захидал илгээж, Хятадын коммунист намын өндөр албан тушаалтан Умардын эрх баригчидтай уулзсан зэрэг нь Хятад, Умардын харилцаанд шинэ уур амьсгал бүрдэж байгаагийн илэрхийлэл гэж судлаач, шинжээчид дүгнэж байна.

Хятадын даргын баярын захидалд, Умард Солонгосын Хөдөлмөрийн нам эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэхэд ололт амжилттай ажилласан гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөн Хятад улс бүс нутгийн болоод дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад үр бүтээлтэй, үүрэг рольтой оролцогч байхын тулд хоёр орны түншлэлийн харилцааг улам хөгжүүлэх, бэхжүүлэн, хадгалахад Умард Солонгостой хамтран ажиллах сонирхолтой байгааг Си Зиньпин дарга онцолсныг Синьхуа агентлаг уламжилж байна.

Харин Умардын Залуу удирдагч Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа Умард Солонгос-Хятадын түншлэл бол Ким Ир Сен, Ким Чен Ирээс өвлөгдсөн дипломат ажиллагааны хамгийн үнэт өв гэдгийг цохон тэмдэглэжээ. Хөрш Хятадын хувьд Умард Солонгос тогтвортой байх нь Зүүн Хойд Азийн хөгжил цэцэглэлтэнд маш чухал гэсэн өнцгөөс хардаг бол Умардын хувьд Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудтай дипломат харилцааны олон талт байдлыг хөгжүүлэх хүчин чармайлт нь амжилтгүй байгаа ийм үед Хятадыг юугаар сольшгүй түнш гэж үздэг.

Умард Солонгосын олон улсаас авдаг тусламжийн бараг 90%-ийг БНХАУ өгдөг. Иймд Умард Солонгос Хятадтай харилцаагаа муутгахаас аль болох татгалзаж, улам нягтруулахад анхаарч байна. Энэ удаад ч залуу удирдагч Ким Чен Ун хоёр солонгосын хооронд харилцааг сайжруулах, Солонгосын Хойгийн тогтвортой байдлыг хангахын тулд чармайлт гаргах сонирхолтой байгаагаа Хятадын төлөөлөгчид илэрхийлжээ.

Залуу удирдагч төрийн эрх мэдлийг авснаас хойш гадны орнуудын өндөр дээд тушаалын 6 хүнтэй уулзснаас 4 нь Хятадын албан тушаалтнууд байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт болсон хоёр талт уулзалтын үеэр Хятадын төлөөлөгч Умардын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хөндөөгүй нь Бээжин, Пхеньяны аль аль нь харилцаагаа сайжруулахад хамгийн их ач холбогдол өгч байгаагийн тод жишээ гэж олон улс судлаач онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, БНАСАУ харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэй байна  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-10-13 09:41
Manai aguu oshoo avagchiig sur badruulan ochihod ni tooj uulzaagui jaal gej baigaa.

Бидэнтэй нэгдээрэй