![](/uploads/201510/news/thumb/e7c75a070f4b674d3d1b7a22becdd3cc_x3.jpg)
Саудын Арабын Сангийн яам, улсын төсөв хугацаанаасаа нэг сарын өмнө бүрэн гүйцэд шавхагдсан тухай тайлагналаа. Зардал өсөн нэмэгдэж, төсөвт орж ирэх орлого багасч, энэ бүгдээс үүдээс төсвийн хөрөнгийг ийнхүү төлөвлөсөн хугацаанаас нь өмнө шавхжээ. Сангийн яам төсвийг баталж байхдаа нефтийн үнэ нэг баррель нь 104 доллар хэмээн тооцоолж байсан байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэг баррель нь 45-50 доллар хүрч навс унасан нь ийнхүү төсөвт “мэдэгдэхүйц цоорхой” гарсантай шууд холбоотой гэдгийг шинжээчид хэлж байна.
Олон улсын валютын сангийн мэдээгээр Араб дахины том гэгдэх эдийн засгийн энэ оны төсвийн алдагдал 120 тэрбум доллар давах нь. Саудын Арабын төсөвт орж ирдэг орлогын 90-ээд хувийг нефтийн худалдаанаас орж ирдэг орлого эзэлдэг. Гэтэл хар алтны үнэ толгой эргэм эрчтэй унаж байгаа нь вант улсын санхүүгийн системд маш том дарамт болж ирж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ үргэлжлэн унаж байгаа нь Саудын Араб улсыг аль болох “бүсээ чангалахад” хүргэж байгаа бөгөөд хилийн чинадад хадгалж байгаа хэдэн арван тэрбум долларыг эргүүлэн татахад хүргэж байна.
Одоогийн байдлаар Саудын Араб улс хилийн чинадаас 50-70 тэрбум доллар татаад байна. Энэ бүгдээс үзэхэд, нефть экспортлогч орнуудын байгууллага-ОПЕК-ийн гол үйлдвэрлэгч гэгддэг Саудын Араб улс төсвийн алдагдал улам бүр өсөн нэмэгдэж байгаа болон Йеменд явуулж байгаа цэргийн ажиллагааг санхүүжүүлэх үйл хэрэгт маш их зардал гаргаж, санхүүгийн нөөц болгоны төлөө тэмцэхэд хүргэж байна. 2014 оны наймдугаар сард Саудын Араб улсын сан хөмрөг 737 тэрбум долларт хүрсэн. Гэтэл тэр цагаас хойш нефтийн үнэ бараг хоёр дахин унасантай холбогдуулан улсын сан нимгэрсээр байна.
Саудын Араб “бүсээ чангалахад” хүрчээ | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.