Шууд Chart

АНУ: Ираны пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн байж болзошгүй

2015-10-14 15:26:23

Иран өнгөрсөн ням гарагт алсын зайн тусгалтай пуужингийн туршилт хийхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн байж болзошгүй хэмээн АНУ-ын Цагаан ордон мэдэгдлээ. Пуужингийн туршилт  амжилттай болсныг Иран улсын төв телевизээр мэдээлсэн юм.

Энэхүү туршилт  нь  алсын тусгалтай пуужинтай холбоотой ямарваа нэгэн үйл ажиллагаа эрхлэхийг Иранд хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1929 тоот тогтоолтой харшилж байна хэмээн Цагаан ордон үзэж байгаа юм. Гэхдээ Ираны энэ пуужингийн туршилт өнгөрсөн долоодугаар сард АНУ болон бусад 5 их гүрэнтэй байгуулсан цөмийн гэрээний заалтыг зөрчөөгүй гэдгийг Цагаан ордон онцлон тэмдэглэсэн байна. Цөмийн гэрээ нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахад  чиглэгдсэн боловч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоол дахь цөмийн цэнэгт хошуутай алсын тусгалт пуужинтай холбоотой Ираний үйл ажиллагааг  хориглох талаар энэ  гэрээнд  тусгагдаагүй юм.

Ням гарагт амжилттай туршсан Имад нэртэй пуужин нь Иран улс пуужин үйлдвэрлэх салбарт илэрхий ахиц гаргасныг харуулсан гэж шинжээчид үзэж байна. Учир нь Ираны эрдэмтдийн бүтээсэн Имад пуужинг бай хүртэлх бүх замд нь удирдан залж болдог бөгөөд Иранаас Израйль улс руу харваж хүрэхүйц хол тусгалтай юм байна. Имад пуужин Ираны стратегийн чадавхи, сүр хүчийг өсгөж байгааг батлан хамгаалахын сайд Хуссейн Дехкан хэлж байна. Мөн тус улс батлан хамгаалах салбарын төсөл  хөтөлбөртөө  аль ч улсаас зөвшөөрөл авах албагүй хэмээн  улсынхаа төв телевизээр дамжуулан мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Ираны пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн байж болзошгүй  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй