Мьянмарын зарим нутагт нүүрлэсэн үерийн гамшгаас болж ирэх сард болох парламентын сонгуулийн санал хураалтыг нь хойшлуулахаар шийдвэрлэснийг тус улсын сонгуулийн комисс өчигдөр зарласан билээ. Гэвч Ан Сан Су Чи-гийн тэргүүлдэг тус улсын сөрөг хүчний хамгийн том нам болох Ардчиллын төлөөх үндэсний лиг энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцсэн учраас сонгуулийг өмнө нь товлосныхоо дагуу зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн парламентын сонгуулиар Ан Сан Су Чи-гийн нам олонхийн суудал авч ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа юм. 1990 оны Мьянмарын парламентын сонгуулиар Ардчиллын төлөөх үндэсний лиг нам нийт суудлын 80 хувийг авч ялалт байгуулсан боловч тухайн үеийн эрх баригч цэргийнхэн төрийн эрхнээс буухаас татгалзан, сонгуулийн үр дүнг хүчингүй болгосон билээ.
Улмаар Ан Сан Су Чи-г олон жил гэрийн хорионд оруулсан юм. Хэдийгээр тус улсын цэргийн эрхтнүүд 2011 онд засгийн эрхнээс буусан боловч сонгуулийн үйл явц өнөөг хүртэл цэргийнхнээс хараат хэвээр байгаа юм. Тиймээс энэ удаагийн сонгууль чөлөөт, шударга байж чадах болов уу гэдэг асуудал олон улсын анхаарлын төвд байна. Цэргийнхэн төр засгийн эрхнээс бууснаас хойших анхны гэдгээрээ онцлог ирэх сарын парламентын сонгуулиар Мьянмарын эрх баригч Холбооны эв нэгдэл хөгжлийн нам болон Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа юм байна.
| Мьянмарт парламентын сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулна | ||
| Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.