Өнгөрсөн сард Филиппиний өмнөд хэсэг дэх амралтын газраас хулгайлагдсан иргэдийг харуулсан дүрс бичлэгийг Исламын шашны зэвсэгт бүлэглэл олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Барьцаалагдсан дөрвөн хүний дотор Канадын 2, Норвеги, Филиппиний тус тус 1 иргэн байгаа юм. Дүрс бичлэгт барьцаалагдсан иргэдийг тал газар суулган, ард нь багтай 10 гаруй зэвсэгт этгээд зогсож байгааг харуулжээ. Хоёр минутын хэмжээтэй энэ дүрс бичлэгт барьцааны иргэд Канад, Филиппиний Засгийн газраас Филиппин дэх бүх цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол амийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байгаа тухай ярьсан байна.
Тус улсын цэрэг армийнхан энэ дүрс бичлэг жинхэнэ эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд зэвсэгт бүлэглэлийн шаардлагыг ямар ч нөхцөлд биелүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Бичлэгийг ямар бүлэглэл хийсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ дүрс бичлэг дээрх зэвсэгт этгээдүүдийн ард Исламын улс бүлэглэлтэй холбоотой хар өнгийн туг өлгөөстэй байсан юм байна. Филиппинд үйл ажиллагаа явуулдаг Исламын шашны Абу Сайяф зэвсэгт бүлэглэл өмнө нь хэд хэдэн удаа энэ маягаар хүн барьцаалж, дүрс бичлэг гаргаж байсан удаатай. Ийм учраас тус бүлэглэл энэ хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн Филиппиний эрх баригчид сэжиглэж байна.

| Филиппинд барьцаалагдсан иргэдийн дүрс бичлэг нийтлэгджээ | ||
| Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.