Турк улсад өнгөрсөн бямба гарагт террорист халдлага болсноос хойш сөрөг хүчин болон Засгийн газрын хоорондох хурцадмал байдал намжихгүй л байна. Стамбул хотноо цагдаа нар террорист халдлагыг эсэргүүцэгчдийн жагсаал, цуглааныг хүч хэрэглэн тараажээ. Хотын эрх баригчид өдөөн хатгалга гарахаас сэргийлж байгаа үндэслэлээр аливаа жагсаал, цуглааныг хориглоод байгаа юм. Өчигдрийн жагсаалын үеэр дөрвөн хүнийг саатуулан хорьжээ. Туркийн сөрөг хүчин болох Курдын талыг баримтлагч Ардчилсан намын тэргүүн Демирташ цагдаагийнхны энэ үйлдлийг эрс зэмлэн буруушааж байгаагаа мэдэгдээд байна.
Иргэд террорист халдлагыг эсэргүүцэж ажил хаялт хүртэл зарлахаар шийдвэрлэж байхад Засгийн газрын тушаалаар цагдаа нар жагсагчдыг тарааж байгааг сөрөг хүчнийхэн эрс шүүмжилжээ. Түүнчлэн хууль хүчнийхний шаардлагын дагуу халдлагаас болж амиа алдсан хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж 2-оос илүү хүн нэг дор цуглахыг хориглосныг ч буруушааж байгаа юм.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу гэргийнхээ хамтаар террорист халдлага гарсан газарт очиж амиа алдсан 97 хүний дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн байна. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн зөвхөн Засгийн газар, Ерөнхий сайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёсгүй хэмээн мэдэгдлээ. Мөн эсэргүүцэгчид Туркийн түр Засгийн газрыг удахгүй болох парламентын сонгуулийн өмнө улс орны аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна хэмээн буруутган дотоод хэрэг болон хууль зүйн сайдыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн байна.
| Террорист халдлагыг эсэргүүцэгчдийн жагсаалыг хүч хэрэглэн тараажээ | ||
| Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.