Сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын агаарын хүчин Сири дэх ажиллагаагаа эрс өргөжүүлээд байна. Агаарын цохилтыг "Исламын улс" бүлэглэлийнхний командлалын цэгүүд, зэвсэг техникийн агуулахуудаас гадна байлдааны техник хэрэгсэл төвлөрсөн газарт өгч байна. Хама болон Хомс муж дахь хэт даврагчдын командлагчдын ярианаас тэд буу зэвсэг, гранат шидэгчээр хүртэл их дутагдаж байгаа юм. Цэргийн зарим захирагчид зэвсэг хэрэгсэл даруй нийлүүлэхгүй бол байлдааны ажиллагааны бүсээс дайчдаа гаргана хэмээн сүрдүүлж ч байна. Ийнхүү Сири дэх лалын хэт даврагчид хүндхэн байдалд ороод байгаа бололтой байна. Сүүлийн мэдээгээр ОХУ-ын агаарын хүчин тус улс дахь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад нийт 456 удаагийн цохилт өгөөд байна. Харин Сирийн Засгийн газрын хүчин тэдний дэмжлэгтэйгээр нутгийн хойд хэсэгт өргөн хүрээтэй дайралт хийхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.
Ройтерсийн мэдээлж байгаагаар тус бүс нутаг дахь Сирийн Засгийн газрын хүчинд Ираний мянга гаруй цэргийн албан хаагч, "Хезболла" хөдөлгөөний отрядууд дэмжлэг үзүүлэхээр ирээд байгаа юм. Энэ ажиллагааны гол зорилго нь Исламын хэт даврагчдын мэдэлд хэдийнэ орсон Туркийн хил дагуух нутгууд, тодруулбал, баруун хэсгийн Идлиб хотоос хойд нутгийн Ефрат гол хүртэлх өргөн уудам газар нутгийг чөлөөлөх явдал юм.
Мөн энд Сирийн хоёр дахь том хот болох Алеппо оршдог бөгөөд хоёр жилийн туршид хяналтаа тогтоосон хэт даврагчдыг энэ хотоос хөөхөөр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Сири, Ирак дахь жихадууд ОХУ-ыг түрэмгийлэгчид хэмээн нэрлэж тус улсын эсрэг зарлаж буй ариун дайнд нэгдэхийг үзэл санаа, шашин нэгтнүүддээ уриалаад байна. Ийм сүрдүүлэг заналхийлэл бүхий мэдэгдлийг Аль Кайдтай холбоотой Жабхат ан Нусра бүлэглэлийнхэн хийсэн билээ. Ийнхүү ОХУ-ын Сири дэх тусгай ажиллагаа өнгөрсөн сарын 30-ны өдөр эхэлснээс хойш анх удаагаа "Исламын улс" бүлэглэлийнхэн Оросуудад шахалт дайралт болох мэдэгдлийг хийгээд байна.
| Исламын бүлэглэлийнхэн ОХУ-ыг сүрдүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.