Шууд Chart

MH17-г зенит пуужингийн "Бук" төхөөрөмжөөр харван унагасан гэж үзжээ

2015-10-15 15:44:46

Өнгөрсөн оны долоодугаар сард Украйны зүүн нутагт унасан Малайзийн агаарын тээврийн компанийн Боинг 777 онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгасан тайлан илтгэлээ Нидерландын Аюулгүйн зөвлөл танилцуулсан нь өнөөдөр олон улсад онцолж байгаа сэдвийн нэг болж байна. Багийн гишүүд, зорчигч нийлсэн 298 хүнтэй явсан тус онгоцыг зенит пуужингийн "Бук" төхөөрөмжөөр харван унагасан хэмээн эцэслэн дүгнэсэн нь энэхүү тайлангийнх нь гол цөм нь болж байна.

Нидерландын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Тьиббе Яустра парламентад энэхүү тайлангаа танилцуулахдаа "Бук" төхөөрөмжөөр пуужин харвасан 320 кв км бүс нутаг салан тусгаарлагчдын хяналтад байсныг мэдэгдсэн юм. Мөн Нидерландын прокурор Фред Вестербеке Малайзийн агаарын тээврийн компанийн онгоцны осолтой холбоотой сэжигтнүүдийг тодорхойлоод байгаа ч мэдээлэл, баримт нотолгоог нягталж шалгах хугацаа хэрэгтэй байна хэмээн мэдээлж байна. Гэвч Нидерландын Аюулгүйн зөвлөл пуужин харвасан газрыг нарийвчлан тодорхойлох эрхгүй учир тусгай мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэйг тэд мэдэгдэж байна.

Ямар ч байсан Нидерландын мэргэжилтнүүдийн дүгнэлт Букийг үйлдвэрлэгч Оросын Алмаз Антей концернийхтой бараг таарч байгаа юм. Нидерландын Аюулгүйн зөвлөлийн мэргэжилтнүүд бүхэлдээ 4 асуултад л хариулт олохыг чармайсан байна. Юуны түрүүнд асар өндөрт нисч явсан онгоц унахад юу нөлөөлөв гэдгийг тодорхойлох байлаа. Үүнд Бук төхөөрөмжөөс харвасан пуужин гэдэг хариуг эцэслэн өгөөд байна. Мөн онгоц яагаад байлдааны ажиллагааны бүс дээгүүр нисч явсныг тодруулахыг чармайсан. Тайланд, Малайзийн Боинг осолдох хүртэл Украйны зүүн нутагт нислэгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал огт хөндөгдөж байгаагүйг, Боинг 777 осолддог өдөр энэ бүс нутгаар 160 нислэг дайран өнгөрснийг, 32 орны 61 агаарын тээврийн компани Украйны зүүн нутгаар нислэг үйлдэж байсан зэргийг тэмдэглээд Украйны тал болон агаарын операторууд бүгд эрсдлийг бодитойгоор үнэлж чадаагүй хэмээн дүгнэсэн байна. Мөн багийн гишүүд болон зорчигчид амиа алдахаасаа өмнө удаан зовоогүй, онгоцны сүүл хэсэгт пуужин тусч, улмаар газарт унах хүртэл 1 минут 15 секундын хугацаа зарцуулагдсан гэдэг дүгнэлт энэхүү тайлан илтгэлд багтжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

MH17-г зенит пуужингийн "Бук" төхөөрөмжөөр харван унагасан гэж үзжээ  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй