Улаанбаатар хотод 4000 орчим хараагүй иргэн амьдардаг ч тэдэнд зориулсан ээлтэй орчин, дэд бүтэц хангалтгүй байна. Зам хөндлөн гарах дуут дохиотой гарц л гэхэд нийслэлийн хэмжээнд хоёрхон байсныг иргэдийн санал гомдлын дагуу буулгасан жишээг энд дурдаж болно. Мөн улсдаа ганц байдаг харааны бэрхшээлтэй тусгай сургуулийн хүрээлэн байгаа орчин зорилтот бүлэгтээ ээлтэй гэхээсээ эрсдэл өндөртэй нөхцөлд байгаа юм. Зуун айл орчим буюу харааны бэрхшээлтэй сурагчдын сургуульдаа хүрдэг зам эрсдэлтэйг хүмүүс мэднэ.
Цагаан таягтны өдрийг “Сурах эрхийн төлөө” сэдвээр өрнүүлж байгаа ч харааны бэрхшээлтэй сурагчид сургууль гэрийнхээ хооронд зорчихдоо бэртэж, өөр нэг хүсээгүй бэрхшээл эдлэхээс айдаг гэдгийг 116-р тусгай сургуулийнхан хэлж байлаа. Зуун айлын энэ орчимд Харааны болон сонсголын бэрхшээлтэй сурагчид суралцдаг хоёр ч сургууль байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиж байна гэсэн тэмдэглэгээ, хурд сааруулагч ер харагдсангүй. Тэр ч бүү хэл, тэдний замд саад тээг нэмэгдсээр байдгийг хүмүүс ярьж байна.
Нийслэл хотод зам барилга, гэрэлтүүлэг тавьж байгаа аж ахуйн нэгжүүд харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг энэ мэтээр зөрчиж байна. Тэдний ажилд хяналт тавьж, стандарт мөрдүүлж, хариуцлага тооцдог тогтолцоо одоогоор алга. Харин “Цагаан таягтны эрхийг хамгаалах” өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулагдаж, цаашдын ажилд тэдний төлөөлөл оролцох болсныг иргэд сайшааж байлаа.
| Хараагүй иргэд эрсдэлтэй орчинд амьдарч байна | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.