Шууд Chart

Орхон аймагт утаагүй зуух олгох ажлын явц 30 хувьтай байна

2015-10-16 16:14:55

Орхон аймаг 21 аймгийн хэмжээнд гэр хорооллоос үүсэх утааны хэмжээгээрээ эхний наймд бичигддэг байна. Энэ утгаараа агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг 2013 онд боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нэг ажил гэр хорооллын айл өрхийг сайжруулсан зуухаар хангах юм. Өнгөрсөн жил утаагүй зуух олгоход 700 орчим сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж төсөв танагдаж, 200 сая төгрөг төсөвлөгдсөн гэж байна.

Энэ жилийн тухайд утаагүй зуух олгох ажлыг нийслэл хотын туршлагыг судалж урьд өмнөх жилийнхээс өөр хэлбэрээр зохион байгуулах юм байна. Тодруулбал, сайжруулсан зуух үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлж өдөрлөг зохион байгуулагдана. Иргэд өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирох зуухаа сонгон авах боломжийг олгож худалдан авсан зууханд орон нутгаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх журмаар явах юм байна. Үүнд агаарын бохирдлын идэвхтэй бүсэд багтсан багуудын иргэд хамрагдах боломжтой.

Мөн үүний зэрэгцээ энэ жил орон нутаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж гэр хорооллын гэртэй иргэдэд дулаан баригчийг хөнгөлөлттэй үнээр олгох ажил зохион байгуулахаар болжээ. Дулаан баригч нь түлшинд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд гэр хороооллын 14 мянга орчим айл өрхийг зуухаар бүрэн хангаж, мөн утаагүй халаалтын системийг нэвтрүүлсний дараа хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг хэлэлцэх учиртай. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 3-4 мянга орчим зуух олгогдсон буюу утаагүй зуух олгох ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт утаагүй зуух олгох ажлын явц 30 хувьтай байна  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй