Шууд Chart

Израйль Зүүн Иерусалимд аюулгүй байдлын ажиллагаа эхлүүллээ

2015-10-16 16:19:30

Зүүн Иерусалимд палестинчуудын үйлдэх халдлагын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Израйлийн цэрэг хүчнийхэн тус нутагт аюулгүй байдлын ажиллагаа эхлүүлжээ. Израйлийн тал дэлхийн 3 гол шашны ариун газар гэгддэг Иерусалимийн хуучин хот дахь зохицуулалтыг өөрчлөх гэж байна гэх цуу ярианаас үүдэлтэй палестинчууд халдлага үйлдэж эхэлснээр сөргөлдөөн тэмцэл хурцдаад байгаа юм.

Өчигдөр л гэхэд Иерусалемд Израйличуудын эсрэг Палестины иргэдийн ээлжит халдлага дахин гарч, халдлагыг үйлдсэн Палестины 2 иргэнийг цагдаа нар буудсанаар нөхцөл байдал арай намжжээ. Халдлагын үеэр Израйлийн 1 эмэгтэйг  хутгалж гэмтээсэн байна. Энэ мэтээр нөхцөл байдал даамжирсныг харгалзан Израйлийн тал халдлага мөргөлдөөн их гарч байгаа дүүргүүдийг хаах, бүслэн авах эрх цагдаа нарт олгожээ. Түүнчлэн тус бүсэд эргүүл хийх ажилд туслуулахаар 300 цэрэг гаргажээ.

Израйлийн эрх баригчдын мэдээлж байгаагаар 10 дугаар сар гарснаас хойш халдлага, буудалцааны үеэр тус улсын 7 иргэн амь алдаж, олон арван иргэн шархадсан юм байна. Иймээс Израйль аюулгүй байдлын шинэ ажиллагаагаа аллага үйлдэгсэд, тэдгээрт туслагч хэн бүхний эсрэг чиглүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Беняамин Нетаняху мэдэгдээд байгаа юм. Палестинчууд амьдардаг хорооллууд руу чиглэсэн автомашины зарим замыг Израйлийн тал хааж, үлдсэн хэсэгт нь иж бүрэн зэвсэглэсэн цагдаа нар шалган нэвтрүүлэх цэг байгуулсан байна.

Харин Палестины эрүүл мэндийн яам израйлуудаас харьцангуй олон буюу наад зах нь Палестины 30 иргэн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан гэх тоо гаргасан байна. Израйлийн тал аюулгүй байдлын шинэ ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас олонд хандан энэ тухай мэдэгдэл хийлээ. Тэрээр Израйль хурцадмал байдлыг намжаахын тулд хэрэгжүүлж буй арга алхам нь шашны хямрал мөгөлдөөнийг хурцатгах аюул занал дагуулж байна хэмээн үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйль Зүүн Иерусалимд аюулгүй байдлын ажиллагаа эхлүүллээ   
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй