Шууд Chart

Мьянмарын Засгийн газар босогчдын бүлэглэлүүдтэй гал зогсоох гэрээ байгууллаа

2015-10-16 16:43:35

Мьянмарын Засгийн газар тус улсын үндэсний цөөнхийн зэвсэгт босогчдын 15 бүлэглэлийн 8-тай нь гал зогсоох гэрээ байгуулжээ. Тус улсын нийслэл Нейпьидод байгуулсан энэхүү гэрээ нь хоёр жил орчим үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүн юм. 1948 онд Мьянмар Их Британиас тусгаар тогтнолоо эргүүлэн олж авснаас хойш тус улсын хэд хэдэн үндэсний цөөнхийн босогч бүлэглэл өөртөө засах давуу эрх олгохыг шаардан зэвсэгт тэмцэл өрнүүлсээр өдийг хүрсэн юм байна.

Гэхдээ эдгээр бүлэглэлээс гэрээнд гарын үсэг зурсан 8 бүлэглэл өмнө нь гал зогсоох хоёр талт хэлэлцээрт нэгдэн орж байсан. Иймээс тус улс дахь тэмцэл мөргөлдөөн намжихад төдийлөн үр нөлөө үзүүлэхгүй хэмээн зарим шинжээч үзэж байна. Мьянмарт одоогоор хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа босогчдын 7 бүлэглэл гэрээнд нэгдэн ороогүй юм.

Гэвч тус улсын Засгийн газар угсаатны зэвсэгт бүлэглэлүүдийн бараг 50 хувьтай нь гал зогсоох хамтарсан гэрээ байгуулж чадсан нь үлдсэн бүлэглэлүүдтэй хэлэлцээрт хүрэхэд нааштай алхам болно хэмээн найдаж байгаа юм байна. Гал зогсоох гэрээнд нэгдэлгүй үлдсэн 7 бүлэглэлтэй Мьямарын Засгийн газар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа хэмээн  хэлэлцээнд оролцогч төлөөлөгчид мэдээлсэн байна. Тэдний хэлснээр эдгээр 7 бүлэглэл гал зогсоох урьдчилсан төслийг дэмжээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын Засгийн газар босогчдын бүлэглэлүүдтэй гал зогсоох гэрээ байгууллаа  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй