Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын бус гишүүдээ сонгоно

2015-10-17 10:11:33

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудын сонгууль Ерөнхий Ассамблейд болох гэж байна. Төлөөлөгчид нууц санал хураалтаар ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2 жилийн хугацаатай Аюулгүйн Зөвлөлд ажиллах 5 улсыг сонгох учиртай. Ерөнхий Ассамблейн 70-р чуулганыг даргалагч Дани улсын парламентын дарга Могенс Люккетофт дахин хуралдаан зарлаж, сонгуулийн дүнг зарлах юм.

Үүний зэрэгцээ Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийн сонгуульд энэ удаад ямар нэг ээдрээ төвөг учрахгүй байх төлөвтэй байна. Учир нь Аюулгүйн Зөвлөлд нэр дэвшүүлэх 5 орон нэг бүрийг бүс нутгийн бүлгүүд зөвшилцөн баталчихсан байна. Тухайлбал, Африкийн орнуудын бүлэг Египет, Сенегал улсуудыг, Европ болон бусад орны бүлгээс Украиныг, латин америкийн орнуудаас Уругвайг, Ази номхон далайн бүсээс Япон улсыг тус тус баталсан.

Эдгээр 5 улс Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авч батлагдсан нөхцөлд тус тусын бүс нутгийг одоо төлөөлж байгаа Чад, Нигери, Литва, Чили, Иордан улсуудын халааг авах юм. Испани, Ангол, Малайз, Шинэ Зеланд, Венесуэл гэсэн байнгын бус бусад 5 улс 2016 оны сүүл хүртэл Аюулгүйн Зөвлөлд үлдэж ажиллах юм.

Аюулгүйн Зөвлөлийн хамгийн туршлагатай гишүүдийн нэг Япон улс Хятадтай газар нутгийн маргаантай, дээрээс нь Бээжингийн дэлхийн тавцанд үүрэг оролцоо нь нэмэгдсэн ийм үед Аюулгүйн Зөвлөлд 11 дэх удаагаа байнгын бус гишүүнээр сонгогдох гэж байна. Умард Солонгосын асуудалд хатуу байр суурь баримтладаг Япон улс Аюулгүйн зөвлөлд Пхеньяны дэглэмийн талаар асуудал хөндөх болов уу гэж ажиглагчид харж байгаа. Мөн Орос, Америкийн хооронд Украин, Сирийн хямралд байр суурь зөрчилдөж байгаа ийм үед Украин Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүнээр ажиллах нь мөн анхаарал татаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын бус гишүүдээ сонгоно  
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй