ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтын үеэр, Орос улс хэт даврагч Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлийг амжилттай явуулахын зэрэгцээ, Арабын хэд хэдэн орон мөн Израиль улстай терроризмын эсрэг хамтарч ажиллахаар ярилцаж байгаагаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, ОХУ терроризмтой тэмцэхийн тулд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Египет, Йордан, Израйль болон Америк, Турктэй болон хоёр талт хамтын ажиллагаа явуулахыг зорьж байгаа бусад орнуудтай эвсэл байгуулах асуудлыг нухацтай ярьж байгаа юм байна.
ОХУ Ирак, Сирид багагүй газар нутаг эзэлсэн Исламын улс бүлэглэлийг дарахад хамтрах нь үр дүнтэй гэдэг санаачилгыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганы индрээс олон улсад тавьж байсан. Оросын хувьд хэт даврагчдыг дарахад Исламын шашинт орнуудын оролцоотой терроризмын эсрэг өргөн хүрээтэй эвсэл байгуулах сонирхолтой байгаа. Гэвч АНУ Оросыг Сирийн эрх барих дэглэмийг дэмжихээ зогсоосон нөхцөлд л эвсэл байгуулах асуудлыг хүлээж авна гэсэн байр суурьтай байна.
ОХУ өнгөрсөн сарын 30-нд Сири дэх Исламын улс бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлснээс хойш ажиллагааны үр дүн хурдан гарч, тус бүлэглэл ихээхэн хохирол амсаж байгаагийн зэрэгцээ тактикаа өөрчилж, хот тосгодуудад нуугдах нь нэмэгдэж байгааг Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Мөн Исламын улс бүлэглэл Төв Азийн орнууд руу шургалан орохыг чармайж байгаа ийм үед Афганистаны нөхцөл байдал ч хүндрэх эрсдэлтэйг ОХУ-ын Ерөнхийлөгч анхааруулж байна.
Мөн Орос болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас 7000 гаруй хүн Исламын улс бүлэглэлд нэгдэн орж, тэдний талд байлдаж байгаа гэсэн тоон мэдээг Кремлийн тэргүүн өгч байна. Тиймээс тэдгээр 7000 мянган зэвсэгт дайчдыг эргээд эх орныхоо эсрэг буу шагайхыг зөвшөөрөхгүй, тэнд нь аюулгүй болгох нь зөв юм гэсэн санааг ТУХН-ийн орнуудын эрх баригчидтай ярилцах үедээ онцлон мэдэгджээ.
| Исламын улс бүлэглэл Төв Азийн орнууд руу шургалан орохыг чармайж байна | ||
| Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.