Шууд Chart

Б.Ганболд: 1.5 сая төгрөгөөр кассын машин худалдаж авна гэдэг нь ташаа мэдээлэл

2015-10-19 16:15:02

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 19 хонож байна. Хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболдоос тодрууллаа.

- Хуулийн талаарх мэдээлэл албан байгууллага, иргэдэд хангалттай хүрсэн үү?

-Хууль бол зургаадугаар сарын 19-нд батлагдсан. Харин есдүгээр сарын 29-д НИТХ-аас татварын хувь хэмжээг нь тогтоосон байгаа. Энэ хувь хэмжээг нь тогтоосон тогтоолыг үндэслээд Татварын ерөнхий газар аргачлалаа баталсан. Аргачлалд, татварыг яаж суулгуулах, ямар хүрээ хамрах, яаж тайлагнах зэргийг тогтоосон. Тэрнээс хойш нийслэлийн хэвлэл мэдээллийн газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар хамтарч сургалт, сурталчилгааны томоохон төлөвлөгөөг гаргаж батлуулсан.

-Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Судалгааны дагуу нийслэлийн хэмжээнд 5000 гаруй суутгуулагч тоологдсон. Гол нь эдгээр суутгагч нартаа шинээр батлагдсан журам, аргачлалаа хүргэх ажлыг өнгөрсөн хоёр долоо хоногийн турш зохион байгуулсан.

Нийслэлийн хэмжээнд кассын машинтай 1700-аад аж ахуйн нэгж байгаа. Энэ 1700 аж ахуйн нэгжээс шууд хуулиа хэрэгжүүлээд явж байгаа аж ахуйн нэгж олон байна. Тодруулбал, зочид буудал, ресторан болон найман нэрийн дэлгүүр зэрэг олон байгууллага татвараа суутгаад иргэдэд төлбөрийн баримт олгоод эхэлсэн байна. Гэхдээ бүгд жигд биш, тодорхой үе шаттайгаар энэ ажил хэрэгжиж байна.

-Кассын машиныг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Энэ нь эргээд аж ахуй эрхлэгчдэд дарамт үүсгэхгүй байж чадах уу?

-Кассын машиныг 1 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа гэдэг бол ташаа мэдээлэл. Тийм бодлого гараагүй, хэрэгжилт ч явагдаагүй байна. Гол нь хуулиараа төлбөрийн баримт олгох ёстой. Тэр төлбөрийн баримт дээрээ нийслэл хотын албан татвар нэг хувь гэдгийг оруулах ёстой юм.

-Хуульд заасан дөрвөн төрлийн татвар төлөгчид кафе орох уу?

-Аргачлалаараа үйлчлэх хүрээгээ тогтоосон. Жишээ нь, зочид буудал гэхэд стандарттай. Тэгэхээр стандартын дагуу үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хуульд хамрагдана. Баар гэдэгт караоке орж байгаа. Мөн архи, согтууруулах ундаа зарж байгаа бол тэрнээсээ л татвар төлнө. Нийслэлийн хэмжээнд байгаа бүх суутгагч нар яг энэ талаарх ойлголтыг өгөхөөр хичээл зааж, ойлголтыг нь нэгтгэчихсэн байгаа.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Б.Ганболд: 1.5 сая төгрөгөөр кассын машин худалдаж авна гэдэг нь ташаа мэдээлэл  
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-10-20 10:42
Бар,кофенд үйлчлүүлэх хүмүүс багасах болно. Хүн аль хямд стандарт биш зоогоор үйлчлүүлэхнээ. Олон түмнээс татвар аваад хэдхэн хүний эрх ашигт зарлагддаг даа. Байр орон сууц хямд өгнө ч гэх шиг.

Бидэнтэй нэгдээрэй