Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтын эхэнд хоёр тал Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр манай хоёр орны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох “Ашигт малтмалын тогтвортой удирдлагыг хөхиүлэн дэмжих”, “Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн 3 салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар манай холбогдох яамдаас танилцуулга хийлээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014 оны хэлэлцээний амлалтыг баталгаажуулах тухай “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2013 оны хэлэлцээр”, “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2014/2015 оны хэлэлцээр”-т талууд тус тус гарын үсэг зурав. Дээрх санхүүжилтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлтийн төсөл, Улаанбаатар- Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоор ахлуулсан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамны төлөөлөл, германы талаас Холбооны Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь 2016 онд ХБНГУ-д болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээний бэлтгэл ажил болох юм.
Монгол, Германы зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.