Шууд Chart

Б.Хоролсүрэн: Аз жаргалтай амьдрал нөхрөө хүндэлж, эхнэрээ хайрлахаас эхэлнэ

2015-10-20 10:56:59

“Сэтгэлийн учиг” институтын сэтгэлзүйч Б.Хоролсүрэнтэй ярилцлаа. Бидний ярилцлага гэр бүлийн нандин харилцаа хийгээд аз жаргалтай амьдрал сэдвээр үргэлжилсэн юм. 

-Хүндлэл, хайрын цаана үүрэг, хариуцлага гэж чухал зүйл байдаг. Эхнэр, нөхрийн үүрэг, хариуцлагын талаар эхлээд ярилцъя?

-Энэ талаар нэг бүрчлэн яривал нилээн том агуулгатай учраас ерөнхийлөөд суурь үүргүүдийг дурдаад явъя гэж бодож байна. Нөхрийн үүргийн талаар эхлээд яръя. Нөхөр бол үндсэн гурван үүрэгтэй. Нэгдүгээрт, тэргүүлэх, манлайлах, гэр бүлийн тэргүүн, гэр бүлээ авч явах хүн гэсэн үг. Нөхрүүд энэ үүргээ зүрх сэтгэлээсээ ойлгох хэрэгтэй. Миний үүрэг бол энэ гэр бүлийг авч явах ёстой. Санхүү болон бусад байдлаар нь гэдгийг. Яалт ч үгүй үүнийг нөхөр, эхнэр хоёулаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёр дахь үүрэг нь эхнэрээ хайрлах юм.

-Энэ их чухал үүрэг байх шүү? 

-Тэгэлгүй яахав. Нөхрийн хувьд эхнэрээ нандигнаж хайрлах нь хамгийн чухал үүрэг.  Хайрлана гээд ярихаар нөхрүүд маань жаахан алдаа гаргах гээд байдаг л даа. Хянах, харамлах гэж ойлгоод байдаг. Нөхрийн үүргийн үүднээс үзэх юм бол халамж үзүүлнэ, хайрлана гэдэг нь нэг өөр. Гэтэл хянах, эрх чөлөө өгөхгүй, магадгүй бүх зүйлийг нь зааварлаад  байна уу. Тэгээд байвал  бидний уламжлалт арга болох эхнэр, нөхөр хамтдаа сууж байгаад хайр уу, халамж уу, эсвэл хяналт уу гэдгийг 0-10 хооронд үнэлээд үзчихэж болно. Ялгаа их байх тусмаа та хоёрын бодол өөр байна гэсэн үг. Хамтдаа нэмэх арав хүртэл байхыг хичээх хэрэгтэй.  

-Тэгвэл нөхрийн гурав дахь үүрэг нь юу вэ? 

-Удирдан чиглүүлэх үүрэгтэй. Өрхийн тэргүүн гэдэгт энэ үүрэг нь ороод явчихдаг. Тухайн гэр бүлийн санхүү болон эхнэрийн оюун санааны хэрэгцээг хангах үүрэгтэй болоод явчихна. Гэр бүлийг удирдан авч яваа л юм чинь үйл хөдлөлөөрөө бас харуулах хэрэгтэй. Хэрвээ та эхнэрээрээ ямар нэгэн зүйл хийлгэхийг хүсээд байгаа бол өөрөө цуг хийлцэх хэрэгтэй.

-Энэ гурван үүргийг эн чацуу гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Үүргүүдийг нь зүгээр дараалалд л оруулчихсан байгаа хэрэг шүү дээ.

-Тэгвэл эхнэрүүдийн хувьд нөхрөө хайрлахын тулд яах ёстой юм бэ? 

-Эхнэрүүдэд хайрлах үүрэг байгаа. Эхнэр хүн нөхрөө байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Энэ нь муу зуршлыг нь хүлээн зөвшөөр гэсэн үг биш. Нөхрийнхөө төрөлхийн зан араншинг хүлээн зөвшөөрөх юм шүү. Төрөлхөөсөө удаан хөдөлгөөнтэй хүн байдаг. Түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй “Чи яасан удаан юм бэ” гэж хэлж болохгүй нь байна. Тамхи татах, залхуурах, архи уух зэрэг нь төрөлхийн араншин биш учраас зөвшөөрч болохгүй гэсэн үг. Эмэгтэй хүн хайртайгаа харуулахын тулд нөхрүүдээ сайн сонсох хэрэгтэй. Хоёрдугаарт,  туслаж дэмжих үүрэгтэй. Гуравдугаарт нөхрөө хүндэтгэх, ойлгох. Ойлгохын тулд ярилцах хэрэгтэй. Ярилцах үедээ нэгнээ маш сайн сонсох ёстой. Нөхрөө хүндэтгэхийн тулд урамшуулаарай. Урамшуулах тусам нөхөр чинь зоригтой, өөртөө итгэлтэй болно. Гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөөд түүнийг дагаарай.  

-Эмэгтэй хүн хайр халамжийг авах их дуртай шүү дээ. Тэдэнд хүссэн хайр халамжийг нь нөхөр нь яаж үзүүлэх ёстой юм бэ?

-Хайр, халамж гэж ярихаар эмэгтэйчүүдийн олонх нь хамтдаа цагийг өнгөрөөх юм уу,  хамтдаа дурсамжтай байх, ярилцахыг, чин сэтгэлээсээ ойлголцохыг хүсдэг. Гэтэл үнэндээ үнэ цэнэтэй, жинхэнэ хайр, халамж гэж байдаг. Хүн ямар байдлаар хайр, халамжийг авдаг вэ гэхээр хайрын таван хэл гэж байдаг. Товчхондоо хэлэх юм бол, таны эхнэр гомдоллодог бол гомдлуудыг нь тогтоод харчих хэрэгтэй. Ер нь аль, аль нь нэгнийхээ гомдлыг ажиглаад үзэх хэрэгтэй. Тэр нь өөрөө хайрын хэл болдог юм.

-Хүндлэлийг хэм хэмжээнд нь тааруулахын тулд бүсгүйчүүд юуг анхаарах вэ?

-Хүндлэл бол нилээн үл тоомсорлогддог хэсэг. Бахархдаг, урам зориг өгдөг тэр зүйлээ гэр бүл, ажлын газар, олон нийтийн дунд хэлж болно. Монголчуудын маань нэг дутагдалтай байдал нь олны дунд хүүхдээ юм уу, эхнэр, нөхрөө муулдаг. Ингэх шаардлаггүй. Хүндлэлийг та зохистой өгөхийг хүсч байвал эдгээр энгийн зүйлсийг гаргах хэрэгтэй. Жишээ нь, нөхөр тань гэртээ ороод ирлээ гэхэд очоод үнсээд угтаж болно. Та гэж дууддаг ч юм уу, тухай гэр бүлд ямар байдал нь боломжтой байна гэдгийг мэдрээд магтаалыг та цаг, донжийг нь олж хэлээрэй. Давуу талыг нь олж хараад магтаад хэлээд үзэхэд илүүдэхгүй.

-Ярилцсан танд баярлалаа.

Б.Дулмаа


Б.Хоролсүрэн: Аз жаргалтай амьдрал нөхрөө хүндэлж, эхнэрээ хайрлахаас эхэлнэ   
Үзсэн: 3452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-10-20 13:45
Багадаа эцэггүй, эхгүй өссөн хүмүүс эхнэр, нөхрөө хүндэтгэх үлгэр дууриал, зан зуршлыг хаанаас олж авах вэ? Өссөн орчин ямар байна тийм орчныг гэр бүлдээ бүрдүүлэн нь элбэг байдаг..

Бидэнтэй нэгдээрэй