Шууд Chart

Отрын бүсэд бэлчээрийн даац хэтэрчээ

2015-10-20 13:01:49

Энэ жил отрын бүсэд өвөлжих малын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна. Урьдчилсан байдлаар 1.3 сая толгой мал оторлох захиалга ирсэн нь отрын бүсэд бэлчээрийн даац хэтрэхэд хүрээд байна.   

Манай улс 11 аймгийг хамарсан 783.9 мянган га газар бүхий отрын бэлчээрийн 9 бүстэй. Энэ жилийн тухайд төвийн бүсийн отрын бэлчээр газруудад зуншлага тааруу байснаас газрын гарц муу байна. Отрын бүсэд өвөлжих малын тоог жил бүрийн 9-10 дугаар сарын хооронд аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас тогтоодог. Тэгвэл энэ өвлийн отрын бүсэд тогтоосон даацын  хэмжээ  30-аас 40 хувиар хэтэрснийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Баярсайхан мэдээллээ.

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх 150 хоногт отрын бэлчээрийг ашигладаг байна. Гэвч малчид заасан хугацаанаас өмнө отрын бүс нутагт малаа оруулснаас даац хэтрэх хүндрэл гардаг. Үүнийг шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг байгааг тэрбээр онцоллоо.   

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд хугацаанаас өмнө 41 өрхийн 30 мянган толгой мал оторлож байна. Албаныхан  отрын бүсээс гарах шаардлага тавьдаг ч айл өрхүүд малын тарга хүчээ бодоод гардаггүй байна. Тиймээс цаашид үүнийг бэлчээрийн тухай хуулиар зохицуулдаг байх хэрэгтэйг тэрбээр нэмж хэлсэн юм.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Отрын бүсэд бэлчээрийн даац хэтэрчээ  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй