Египет улсад 2013 онд Ерөнхийлөгч Мухамед Мурсиг түлхэн унагаснаас хойш анх удаа парламентын сонгууль зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдөр тус улсын зарим бүс нутгаар парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт эхэллээ. 2011 онд Арабын хавар хувьсгалаар Египетэд төр засгийг түлхэн унагасны дараа ардчилсан Засгийн газар байгуулагдсан боловч удалгүй цэргийн эрх мэдэлтнүүд тус Засгийн газрыг буулган, үндэсний ассамблейг тарааж, төрийн эрх мэдлийг гартаа авсан юм.
Энэ явдлаас хойш анх удаа зохион байгуулж байгаа энэ удаагийн сонгуулийг Арабын хавар хөдөлгөөнийг дэмжсэн ардчилсан үзэлтэй бүлгүүд бойкотлоод байна. Түүнчлэн Египетийн шүүх Мухамед Мурсиг дэмжигч Исламын ахан дүүс бүлэглэлийг төлөөлсөн намыг татан буулгах шийдвэр гаргасан учраас тус нам сонгуульд оролцох боломжгүй болсон юм. Эдгээрээс үүдэн парламентын энэ удаагийн сонгуульд Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сисиг дэмжигчид олонх суудалд ялалт байгуулах нь тодорхой боллоо гэж ажиглагчид үзэж байгаа юм байна. Аль-Сисиг дэмжигчдийн дотор тус улсын хуучин авторитар дэглэмийн үед нэр нөлөөтэй байсан хүмүүс олон байгаа бөгөөд тэд Египетэд хуучин дэглэмээ сэргээн тогтоохыг зорьж байна.
Эрх баригч Аль-Сисигийн засаг захиргааныхны эсрэг хүчтэй өрсөлдөх нам, хүчнийхэн байхгүй, ялагч хэдийнэ тодорсон хэмээн энэ удаагийн сонгуульд Египетийн олон иргэн төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаас санал хураалтын ирц бага байх төлөвтэй байна. Өчигдөр сонгуулийн эхний шатны санал хураалтад оролцохоор очих иргэдийн тоо ч харьцангуй цөөн байсан байна. Сонгуулийн хоёр шатны санал хураалт ирэх долоо хоногт үргэлжилж, эцсийн дүн 12 дугаар сарын эхээр тодрох ёстой юм.
| Египетийн парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт эхэллээ | ||
| Үзсэн: 313 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.