Шууд Chart

Ахуйн гал түймрийн дийлэнх нь цахилгаанаас үүдэж байна

2015-10-21 10:38:26

Аравдугаар сарын эхний 15 хоногт гарсан ахуйн чанартай гал түйрийн 10 орчим дуудлага нь цахилгааны холбогдолтой дуудлага байна. Цаашид цаг агаар цочир хүйтрэхэд цахилгааны гэмтлээс үүдэлтэй энэ төрлийн түймрийн гаралт нэмэгдэж болзошгүй юм. Хүйтэн сэрүүний улирал эхэлж буй энэ үед иргэд айл өрхийн цахилгааны хэрэглээ ихсэж, ачаалал нэмэгддэг. Энэ хэрээрээ цахилгаанаас үүдэлтэй ахуйн түймэр гарах тохиолдол их байгаа юм.

Сүүлийн дөрвөн жилд гарсан ахуйн түймрийн шалтгаан нь цахилгааны гэмтэл, буруу холболт, нэг залгуурт хэт их ачаалал өгөх зэрэг зохисгүй хэрэглээнээс болж байгааг шинжээчид хэллээ. Өөрөөр хэлбэл, цахилгаанаас үүдэлтэй ахуйн гал түймэр эрс өсч байгаа нь иргэдийн анхан шатны мэдлэггүй, хайхрамжгүй байдлаас болж байна. НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Ууганбаяр хэлж байна.

Нэг талаас цахилгаанаас үүдсэн ахуйн гал түймэр, түлэгдэлт ихээр гарч байгаа нь хөдөөгөөс хотыг зорих хүн амын нягтаршилтай холбоотой гэж хэлж болно. Иргэдийн хувьд нийслэлд албан ёсны оршин суух хаяггүйгээс зөөврийн цахилгаан хэрэглэж, нэг хашаанд олон өрх буух, түрээслэх нь элбэг байна.

Гэр хороололд айл өрхүүдийн төвлөрөл байна. Дахин төлөвлөлтийн бүсэд эрчим хүч түгээх сүлжээ эмх цэгцгүй байгаа. Ийм орчинд амьдарч байгаа иргэдэд гамшиг осол, галын аюулаас анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ ч илүүдэхгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд, эл задгай орхисон цахилгааны утас, өндөр хүчдэлийн байгууламж аюултай орчин болоод байна.    

Мэргэжилтнүүд иргэдэд олон жил ашигласан цахилгааны хуучин утсаа солих, эсвэл гадна нөхцөлд тэсвэртэй зориулалтын утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн нэг үзүүрээс ачааллыг нь тооцолгүй хэт олон айлыг холбох, зөөврийн тог хэрэглэх нь эрсдлийг нэмэгдүүлж, ахуйн гал түймэр гарах үндсийг тавьдаг. Тиймээс наад зах нь гэр, хувийн сууцныхаа цахилгаан холболтыг мэргэжлийн хүний тусламжтай хийх нь ахуйн гал түймрээс эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалах нэг алхам болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ахуйн гал түймрийн дийлэнх нь цахилгаанаас үүдэж байна  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй