Шууд Chart

БНХАУ-ын дарга Их Британид айлчилж байна

2015-10-21 12:07:37

БНХАУ-ын дарга Си Зиньпины Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хийх төрийн айлчлал эхэллээ. Өнөөдөр Их Британийн хатан хаан Хятадын дарга, тэргүүн хатагтай нарыг хүндэт харуулын ёслолоор угтан авч, дараа нь Хятадын дарга Британийн Парламентад үг хэлэх юм. Үүний дараа тэрбээр Британийн сөрөг хүчний намын дарга Жереми Корбинтой уулзалт хийх юм байна.

Мөн өнөө орой Их Британийн хатан хаан 2-р Элизабет Хятадын даргад зориулж Букингэмийн ордонд хүндэтгэлийн зоог барих юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны мэдэгдснээр Хятадын даргын айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа хөрөнгө оруулалтын 46 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээр байгуулах төлөвтэй байна. Гэрээ хэлэлцээрийн дүнд Их Британийн бүтээлч аж үйлдвэр, оёдол нэхмэлийн салбар, эрчим хүч, эрүүл мэнд, технологи, санхүүгийн үйлчилгээ, сансар судлал, боловсрол зэрэг салбарт 3900 гаруй ажлын байр шинээр бий болгох юм байна.

Мөн энэ айлчлалын хүрээнд Хятадын Засгийн газар Британийн цөмийн эрчим хүчний салбарт хамтрах, хөрөнгө оруулах гэрээг байгуулна гэж ажиглагчид таамаглаж байна. Хятадын даргыг бизнес худалдаа эдийн засгийн салбарын олон төлөөлөл дагалдан яваа юм. Британийн тал Хятадын даргын сүүлийн 10 жилд хийж байгаа энэхүү төрийн айлчлалыг Хятад Британийн харилцааны алтан үеийг нээж өгч байгаа өндөр ач холбогдолтой айлчлал гэж дүгнэж байна.

Хятадын тал ч мөн Европ тив дэх худалдаа, эдийн засгийн бодлогоо тэлэх гол бүс нь Британи байх юм гэдэг үүднээс хамгийн гол худалдааны түншээ болгох сонирхолтой гэдгээ ч илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Их Британийн Засгийн газар Сири дэх алан хядагч бүлэглэлүүдэд агаараас цохилт өгөх ажиллагаанд Хятадын дэмжлэгийг нэмэгдүүлэх хүсэлтээ Си Зиньпин даргад тавьж магадгүй гэсэн мэдээллийг Барууны хэвлэлүүд өгч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Их Британид айлчилж байна  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй