Шууд Chart

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэв

2015-10-21 16:18:25

Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улс орнуудын төлөөлөгчид газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар уулзалт хийжээ. Уулзалт Хятадын Сычуань мужийн Чэнду хотод хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн байна. Хятад болон АСЕАН-ы зарим улс орон өөрийн газар нутгаа хэмээн маргадаг Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэх зорилготой харилцаа холбооны механизм байгуулах нь энэ удаагийн уулзалтын гол зорилго байсан юм байна.

АНУ Өмнөд Хятадын тэнгист Хятад улс дэд бүтэц байгуулж байгаа нь олон улсын далай тэнгисийн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, улмаар энэ бүс нутагт тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээх талаар хэлэлцэж байгаа юм. Харин өчигдөр АСЕАН-ы орнуудын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Хятадын гадаад хэргийн дэд сайд Лю Жэньминь ярихдаа Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг газар нутгийн маргаанд оролцогч талууд өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэх ёстой болохыг онцлон тэмдэглээд, Хятад улс энэ асуудлыг Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийж, шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис гадныхны анхаарлыг ихээр татах болсныг тэрбээр дурдаад “Энэ талаар өрнөдийн зарим хэвлэлүүдэд нийтэлж байгаа мэдээлэл нь Өмнөд Хятадын тэнгист энх тайван алдагдсан мэт ойлголт олон нийтэд төрүүлж байна. Эдгээр мэдээлэл үнэндээ ор үндэсгүй зүйл” гэсэн байна. Энэ удаагийн уулзалтаар Хятад улс олон улсын шүүмжлэлийг намжаах, олон улсад ганцаардахаас болгоомжилсон байр суурь баримталлаа хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй