Шууд Chart

Гамшиг, эрсдлийн талаар иргэдийн мэдлэг дутмаг байна

2015-10-21 17:15:19

Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдээд 13 жил өнгөрсөн ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн тул биднээс байнгын бэлэн байдлыг шаардах болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ сарын 19-ний өдөр “Гамшгаас хамгаалах үндэсний төлөвлөгөө”-г баталсан. Монгол Улсын Шадар сайд болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

ОБЕГ-ын хийсэн судалгаагаар Япон улсад гамшгийн үед аврагдаж байгаа 100 хүн тутмын 80-ыг нь ойр хавьд нь байсан иргэдийн хүч оролцоотойгоор авардаг бол манай улсад эсрэгээрээ буюу 100 хүн тутмын 80-ыг нь онцгой байдлын аврагчид авардаг байна. Энэ нь манай иргэд гамшиг осол, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг яаж  хангах талын ямар ч ойлголтгүй байгаагийн нэг жишээ. Мөн 2014 оны байдлаар зөвхөн авто тээврийн ослоор 514 хүн, бусад ослоор 418 хүн хохирч, амь насаа алдсан тоо баримт нь манай улсын өнөөгийн нөхцөл байдал гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэллээ.  

Өмнө нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө нууцын зэрэглэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, тодорхой тооны албан тушаалтнуудын хүрээнд мэдээлэл хүрдэг байсан бол одоо олон нийтэд нээлттэй болсон. Дотоодын болон гадны улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах, шуурхай удирдлагыг хэрхэн хангахаас эхлээд гамшгийн эрсдлийг бууруулах, хүч хэрэгслэлийн бэлэн байдлыг хангах, чадамжийг нь дээшлүүлэх, гамшгийн нөөц бүрдүүлэлтийн бэлэн байдлыг хангах зэрэг нийт 7 бүлэг нэг нууц хавсралттайгаар гамшгаас хамгаалах үндэсний төлөвлөгөөг баталсан. Гол агуулга нь иргэд олон нийтийн оролцоог хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгох замаар бэлэн байдлыг хангуулах явдал гэдгийг Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.   

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зөвхөн онцгой байдлын байгууллагын эрхлэх үүрэг, хариуцлага гэж олон нийт ойлгодог. Тэгвэл одоо олон нийтийн оролцоог хангаж, иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдөө урьдчилан сэргийлэх ажилд голлох үүрэгтэй оролцоно. Түүний тулд иргэдэд эхлээд мэдээлэл өгье, дараа нь түүнийг нь боловсрол болгоё гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл, зуд болоход төр малчдын өмнөөс өвсийг нь бэлдэж өгдөг хуучин тогтолцоо, сэтгэлгээнээс салах ёстой. Энэ байдлыг өөрчлөхөд хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо ч чухал гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал мөн онцоллоо.

Гамшгаас урьдчилан сэргийлэх нь  иргэн бүрийн үүрэг. Тийм ч учраас Газар хөдлөлтийн хүч нэмэгдэж, давтамж ойртож байгаа гэх мэдээллийг айдас хүйдэс гэж хүлээж авахаасаа илүүтэй мэдлэг мэдээллээ дээшлүүлж, бэлэн байдлаа дор бүрнээ хангадаг байх нь чухал. Монгол Улс одоо төлөвлөгөөтэй болсон. Тэр нь тодорхой, нээлттэй болсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гамшиг, эрсдлийн талаар иргэдийн мэдлэг дутмаг байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй