Шууд Chart

Пан Ги Мун Газын зурваст айлчиллаа

2015-10-22 15:37:27

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Газын зурвасын нөхцөл байдал дахин хурцадсантай холбогдуулан тус бүс нутагт айлчиллаа. Тэрбээр Израйль, Палестинчуудыг харилцан хүлээцтэй байж, Газын зурваст хямралыг даамжруулахгүй байхад уриалсан байна. Газын зурвас дахь Шашны ариун газарт шинэ дэглэм тогтоох гэж байна гэсэн цуурхлаас үүдэлтэйгээр анх Палестины иргэд Израйльчууд руу халдлага үйлдэж эхэлсэн юм.

Улмаар тэдний эсрэг Израйлийн цагдаа нар буу ашиглах эрхтэй болсноор мөргөлдөөн улам хурцдаж, одоогийн байдлаар 50 гаруй хүн амь үрэгдэж, 2.000-аад хүн гэмтэж, шархдаад байна. Пан Ги Мун Газын зурваст ийнхүү хурцдаж байгаа нөхцөл байдлыг намжаахын тулд хоёр талын удирдагчидтай уулзахаар тус бүс нутагт хүрэлцэн очсон байна. Тэрбээр халдлага үйлдэгсдийн эсрэг Израйль хэрээс хэтэрсэн хүч хэрэглэж байгаа нь асуудлыг шийдэх гарц биш гэж үзэж  байгаагаа Пан Ги Мун Израилийн Ерөнхий сайдтай уулзахын өмнө илэрхийлсэн байна.

Мөн Израйль, Палестины ард иргэдийг харилцан хүлээц тэвчээр гаргаж, халдлага хүчирхийллийг бууруулахыг уриалсан юм. Харин Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас нар Пан Ги Мунтай хийсэн тус тусын уулзалтын үеэр өөрсдийн хэрэгжүүлж байгаа бодлогыг зөвтгөсөн байр суурьтай байлаа. Тэд Газын зурвасын хурцадмал байдалд бие биеэ буруутгасан хэвээр байгаа юм. Үүний улмаас бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах шийдэл олохоор талуудтай хийсэн Пан Ги Муны уулзалт яриа тоймтой үр дүнд хүрээгүй байна. Дараагийн ээлжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бас удахгүй энэ бүс нутагт айлчилж, хоёр талын удирдагчидтай уулзахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пан Ги Мун Газын зурваст айлчиллаа  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй