Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт хийсэн мэдэгдлээсээ үүдэн дотооддоо болоод олон улсад хүчтэй шүүмжлэлд өртөж байна.
Тэрбээр мягмар гарагт Йерусалимд болсон Дэлхийн еврей үндэстний Их хурлын үеэр хэлсэн үгэндээ 1941 онд Адольф Гитлерийн Палестины исламын шашны удирдагчтай хийсэн уулзалтын талаар хөнджээ. Тухайн үед Гитлер еврейчүүдийг аймаглан устгах бус, цөллөгт явуулах төлөвлөгөөтэй байсан боловч Палестины удирдагчтай уулзсаны дараа энэ төлөвлөгөөгөө өөрчилсөн хэмээн Нетаньяху ярьсан байна.
Энэ мэдэгдлээрээ Нетаньяху дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг аймаглан устгасан хэргийн бурууг палестинчуудад тохохыг оролдлоо хэмээн олон улсын зүгээс ширүүн шүүмжилж байна. Израйлийн түүхчид хүртэл түүний мэдэгдэлтэй санал нийлэхгүй байна. Тэдний үзэж байгаагаар Гитлер Палестины тухайн үеийн шашны удирдагчтай уулзахаасаа хоёр жил орчмын өмнө еврейчүүдийг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлж эхлээд байжээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Нетаньяхуг, Палестины нэр хүндийг унагахын тулд еврейчүүдийг хоморголон устгасан түүхийг мушгин гуйвуулсанд мөн буруутгалаа.
Нетаньяху Газын зурвасын хямралыг намжаах асуудлаар хэлэлцээ хийхээр өчигдөр Германд хүрэлцэн очсон юм. Хоёр тал хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы канцлер Ангела Меркель 20-р зууны түүхэнд хар толбо болж үлдсэн аймаглан устгах гэмт хэргийн хариуцлагыг тус улс бүрэн хүлээсэн гэдгээ давтан мэдэгдэж, түүхийн талаарх энэ байр сууриа өөрчлөхгүй болохоо онцолжээ. Нетаньяху харин мягмар гарагт хийсэн мэдэгдлээрээ Германыг хариуцлагаас чөлөөлөх бус, нэмж Палестинд хариуцлага хүлээлгэхийг зорьсон хэмээн тайлбарласан байна.
| Израйлийн Ерөнхий сайд олон улсын шүүмжлэлд өртлөө | ||
| Үзсэн: 369 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.