Манай улсад орж ирж буй дөрвөн автомашин тутмын нэг нь хосолсон хөдөлгүүртэй техникийн хэрэгсэл байдаг. Харин энэхүү цахилгаан автомашины дууссан зай хураагуур ямар их хортой байдаг талаар иргэд төдийлөн мэддэггүй. Нэг ширхэг хуруу зайнд 8 мянган литр орчим усыг бохирдуулах хэмжээний хорт бодис агуулагддаг. Гэтэл цахилгаан автомашины дууссан зай хураагуурт үүнээс хэд дахин илүү хорт бодис агуулагддаг.
Дэлхийн олон улс орон цахилгаан автомашины дууссан зай хураагуурыг дахин боловсруулах технологитой байдаг. Харин манай улсад хогоо ч ялгаж хаядаггүй. Манай улсад хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл байдгийг дагаад цахилгаан машины засварын төвүүд ч олон. Харин тэдгээр засварын төв сольсон зай хураагуураа шууд хаядаг байна.
Монголд орж ирсэн хосолсон хөдөлгүүртэй автомашины 90 хувь нь хуучин, бас зай хураагуур нь муудчихсан байдаг тухай приус автомашины засварын төвийн засварчин хэлж байлаа. Энд өдөртөө 10 орчим автомашин зай хураагуураа солиулдаг гэдгийг мөн хэлсэн. Тооцоолж үзвэл, гурван сарын дотор дунджаар 3 тонн буюу 3000 ширхэг зай хураагуур ил задгай хаягддаг гэсэн үг. Уг зай хураагуур дотор кадми болон бусад төрлийн хорт бодис ихээр агуулагддаг гэдгийг ШУТИС-ийн профессор тайлбарлаж байна. Кадми хэмээх бодис нь хөрсөнд шингэж улмаар хоол тэжээлээр дамжиж хүний биед ордог байна. Харин хүний биед шингэснээр цусаар дамжиж бүхий л эд эрхтэнүүдэд хүрдэг. Энэ нь эхсээр дамжиж урагт хүртэл нөлөөлдөг бөгөөд үе дамжсан өвчлөл үүсгэхэд хүргэдэг аюултай бодис аж. Мөн аюулын зэргээрээ 3, 4 дүгээрт бичигддэг хүчил шүлтийн элемент агуулагддаг учраас хортой гэдэг нь аль хэдийнээ батлагдсан байна.
Гэтэл манай зарим иргэн сольсон зай хураагуурыг ашиглаж хашаандаа зам хүртэл тавьсан байдаг. Харин ингэж хөрсөнд орсон л бол аюултай хэмжээнд хүрдэг гэдгийг мөн мэргэжлийнхэн хэлж байгаа юм.
Урьд нь зүгээр л хог дээр хаядаг байсан зай хураагууруудыг өнгөрөгч хавраас нэг компани 300 төгрөгөөр үнэлэн худалдаж авдаг болсон гэж байна. Учрыг хөөж "Имай Амка" хэмээх сэлбэгийн томоохон компани дээр бид очлоо. Японоос сэлбэг оруулж ирдэг энэ компани дээр өнгөрсөн хавар Тоёото компанийн төлөөлөгчид ирж хуучин зай хураагууруудыг цуглуулах санал тавьжээ. Магадгүй 10, 20 жилийн дараа хуучин зай хураагуураас болж хөрсөө сүйтгүүлсний дараа бид Тоёотогийнхноос хариуцлага нэхэж мэднэ. Тэд ингэж алсыг харсандаа биднээс өөрсдөө зай хураагуураа цуглуулах санаачилга гаргажээ. Харамсалтай нь цуглуулсан зай хураагуураа тээвэрлэх асуудлаа шийдэж чадаагүй байна. Тодруулбал, БНХАУ ийм зай хураагуур хилээрээ нэвтрүүлдэггүй аж. Ийнхүү улс орнууд аюултай гэж үзэн хил давуулан тээвэрлэхийг хүртэл хориглож байгаа нь энэ асуудлыг бид өнөөдөр анхаарч харах болсон гэдгийг илтгэж байна.
Цахилгаан хөдөлгүүртэй автомашины дууссан зай хураагуурыг дахин боловсруулах өндөр технологийг манай улс шууд худалдан авч нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжинд дууссан зай хураагууруудыг цуглуулж хадгалах байр савны стандарттай болох шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Цахилгаан машины зай хураагуур асар их хортой | ||
| Үзсэн: 3394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.