Шууд Chart

Б.Бат-Өлзий: Интернэт худалдааны төлбөрийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй

2015-10-23 12:49:51

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Баяр Агентлаг” ХХК хамтран зохион байгуулж буй ”Интернэт Худалдааны Анхдугаар Конференци –Улаанбаатар 2015”  арга хэмжээ өнөөдөр болж буй. Уг хуралдаанд манай улсад үйл ажиллагаа явуулдаг интернэт худалдааны эрхлэгчид болон интернэт худалдаанд оролцогч талууд энэхүү интернэт худалдааны орчин нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэг талаар зөвлөлдөж байна.

Хуралдааны үеэр Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

-Интернэт худалдаа гэдгийг фэйсбүүкээр бие биедээ бараа зарах төдийгөөр л ойлгоод байх шиг байна. Тэгэхээр интернэт худалдааны талаар өнөөдөр ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?

-Манай улсад интернэт худалдаа 2003 оноос хойш хөгжсөн гэж үзэж болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл олон улсын түвшинд хүртэл хэрэглээ болж чадаагүй байгаа. Үүнийг хэрэглээ болгохын тулд яах ёстой вэ гэдэг талаар өнөөдөр ярилцаж байна. Нэн тэргүүнд яригдаж байгаа сэдэв бол интернэт худалдааг бий болгохын тулд төлбөр тооцооны систем маань хангалттай байна уу, мөн бараа худалдаж авлаа гэхэд гэрт нь хүргээд өгөх ложистик хангалттай сайн байна уу, үгүй юу гэдэг асуудал байна.

-Интернэт худалдаа хэрэглэгчдэд ямар давуу талуудыг олгодог вэ. Зарим иргэн өөрөө очиж үзээгүй юмандаа бас итгэдэггүй. Үүнд яаж итгэл бий болгох ёстой вэ?

-Олон улсад маш олон төрлийн төлбөрийн системүүд байдаг. Төлбөрийн систем маань тухайн бараа хэрэглэгчид хүрээд, хэрэглэгч нь бараагаа авсны дараа энэ бараа надад таалагдаж байна гэж мэдэгдэхээс нааш мөнгийг нь төлдөггүй. Манай улсад яг ийм байдлаар зохицуулдаг нэгдсэн төлбөрийн систем бий болгох ёстой. Төлбөрийн систем бий болчих юм бол хэрэглэгчид санаа зоволтгүй бараагаа хүлээж аваад таалагдвал мөнгө нь шилждэг болно. Ийм системийг хийж эхэлье гэдэг зүйлийг бид өнөөдөр дөнгөж ярьж эхэлж байна.

-Өөрийнхөө сошиал хуудсаар дамжуулаад жижиглэн худалдаа хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Эдгээр хүн энэ зохицуулалтад орох шаардлагатай юу?

-Шаардлагатай. Манай иргэдийн дунд фэйсбүүкээр нэг хүнээс бараа худалдаж авах гээд мөнгөө шилжүүлтэл нөгөө хүн нь алга болчихсон цөөнгүй тохиолдол байдаг. Үүн шиг албан ёсны сайтаар бараагаа зараагүй хүмүүсийн хувьд эрсдэл хэвээрээ л байна. Харин хэрэглэгчид өөрсдөө л сурах ёстой. Үүнтэй холбоотойгоор нэн түрүүнд иргэд, хэрэглэгчдийг интернэт худалдаа, компьютерийн хэрэглээнд сургах хэрэгтэй. Энд жишээ татаж хэлэхэд, нийслэлийн хэмжээний цахим газар өмчлөлд 616 мянган хэрэглэгч бүртгүүлсэн. Энд бүртгүүлэх процессыг ийм олон хүн хийсэн байна гэдэг чинь нийслэлийн иргэдийн дийлэнх нь интернэт худалдаа хийх чадвартай байгааг харуулж байна. Гэхдээ одоо бол үүнд итгэж болно, болохгүй гэдгээ л ялгах хэрэгтэй байгаа юм.

-Интернэтээр худалдаа, төлбөр тооцоо хийх нь улс орны эдийн засагт ямар давуу талуудыг авчирч болох вэ?

-БНХАУ бол бүх төлбөр тооцоогоо онлайн болгоё гэсэн зорилттой ажилладаг. Үүний ачаар эдийн засаг нь маш тогтвортой байдаг. Далд бизнес явахгүй. Дээрээс нь татвар бол байнга албан ёсоор төлөгдөнө гэх мэт олон давуу талтай. Манай улсад бол хамгийн их яригддаг далд бизнесийг байхгүй болгосноор эдийн засагт их тустай. Нөгөө талаас бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх нь заавал бэлэн мөнгө авч явах, үрэгдүүлэх гэх мэт иргэдийн хувьд ч гэсэн амар хялбар болдог.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Б.Бат-Өлзий: Интернэт худалдааны төлбөрийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй