Шууд Chart

Шведэд дүрвэгчдийн түр орогнуулах байранд гал тавих явдал ихэсчээ

2015-10-23 14:20:23

Шведийн өмнөд нутагт Дүрвэгч цагаачдыг түр орогнуулах байранд санаатайгаар гал тавьжээ. Цагдаа нар гал тавьсан этгээдийг илрүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Сүүлийн есөн сарын хугацаанд Дүрвэгч цагаачдад орогнол олгохыг эсэргүүцсэн шведүүд түр орогнуулах байранд хэд хэдэн удаа санаатай гал тавьсан хэрэг гараад байгаа юм.

Гал сөнөөгчид түр орогнуулах байранд гарсан энэ галыг шуурхай унтраасан байна. Халдлага үйлдэгсэд гал тавих үеэр байр хоосон байсан учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Үүнтэй төстэй санаатайгаар гал тавьсан тохиолдол ойрын үед тус улсад их гарах болсон юм байна. Энэ 7 хоногт л гэхэд үүнээс гадна дүрвэгчдийг түр орогнуулах хоёр байранд гал гарчээ. 1990-ээд онд Балканы хямралаас олон тооны хүн дүрвэж, Шведэд очих үеэр энэ мэт гал тавих явдал олширч байсан түүхтэй.

Тухайн үед дүрвэгчдийн тоо буурч эхлэхэд халдлагын тоо даган буурсан юм. Энэ удаагийн дүрвэгч цагаачдын урсгалын үеэр энэ түүх давтагдах шинжтэй байна. Өнгөрсөн 7-р сард Шведийн цагаачлалын агентлаг 2015 онд тус улс 66-80 мянган цагаач дүрвэгч тус улсад очно гэж тооцоолж байсан юм байна. Гэвч энэ даваа гарагт уг агентлагаас гаргасан мэдээллээс үзэхэд энэ тооцооноос давсан буюу 95.000 дүрвэгч цагаач Шведэд очоод байна.

Энэ тоо хэдий их ч Европын холбооны улсуудад очоод байгаа нийт дүрвэгч цагаачдын тоотой харьцуулахад шалихгүй үзүүлэлт юм. Европын холбооны хилийн Фронтекс агентлагаас гаргасан мэдээгээр 2015 оны эхний 9 сарын байдлаар Европын холбоонд нийт 710.000 гаруй дүрвэгч цагаач очсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шведэд дүрвэгчдийн түр орогнуулах байранд гал тавих явдал ихэсчээ   
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй