Шууд Chart

Башар Ассадын айлчлал олон утга илэрхийлэв

2015-10-23 14:30:34

ОХУ Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс гурван 7 хоногийн дараа Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ. Сирийн төрийн тэргүүн ОХУ-ын  цэргийн дэмжлэгт талархлаа илэрхийлэх зорилгоор Москвад төлөвлөгөөт бус айлчлал хийсэн байна.

Оросын ерөнхийлөгч ажлын албанаас өгсөн мэдээгээр Башар Ассад өнгөрсөн мягмар гарагт Москвад айлчлаад буцсан юм байна. Тэрээр ОХУ-ыг Сирийн нэгдмэл, тусгаар байдлыг тууштай дэмжиж байгаа явдалд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ терроризм Сирийн иргэний дайныг зогсоох улс төрийн шийдэлд саад тушаа болж байна. иймд цаашид Сирид үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхийг ОХУ-ын төрйин тэргүүнээс хүссэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улс Сирид терроризмтой тэмцэхэд цэргийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй энх тайван тогтоох улс төрийн үйл явцад ч хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Дэлхийн улс орнууд Сирийн төрийн тэргүүний Москвад хийсэн энэ айлчлалыг олон өөр өнцгөөс харж, дүгнэлт өгч байна. Башар Ассадын энэ айлчлал Оросын үүрэг оролцоо, нөлөө чухал гэдэгт Сирийн төр засаг бүрэн итгэлтэй байгааг харуулж байна.

ОХУ-д Америкд байхгүй 3 давуу тал байгаа нь: яг хямралын голомтонд Иран улс, Хезболла бүлэглэл зэрэг холбоотнуудтай, тэд Ассадад шууд нөлөөтэй, мөн Ассадыг дэмждэг дээрээс нь Исламын улс бүлэглэлтэй тэмцэх сонирхолтой. Нөгөө талаар ОХУ Барак Обамаг төрийн тэргүүний суудлаас бууснаас хойш ч Ойрхи Дорнодод нөлөөтэй тоглогч хэвээр байна.

Сирийн хямралд Москва Вашингтоны байр суурь зөрөх нь АНУ-ын Ойрхи Дорнодын бүс нутаг дахь үүрэг, нөлөө буурч байгаа эсэхийг шалгасан нэг ёсны сорилт юм гэдгийг Ойрхи Дорнод судлаачид онцолж байна. Харин АНУ, Турк зэрэг орнууд Сирийн төрийн тэргүүн Москвад яаравчлан очиж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй байр суурь нэг гэдгээ харуулсан явдлыг хүчтэй буруушааж, түүнийг улаан хивс дэвсэж, их хүндэтгэлэтэйгээр угтаж авлаа гэж шүүмжилж байна.

Харин Өрнөдийн зарим ажиглагч Сирийн ерөнхийлөгчийг Оросын төрийн тэргүүн халуун дулаанаар угтаж авсан нь Орос улс Ойрхи Дорнодод гол тоглогч нь юм гэсэн дохиог Өрнөдөд өглөө, өөрөөр хэлбэл Оросын оролцоогүйгээр Сирийн хямралд шийдэл гарахгүй гэдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн дүгнэлтийг хийж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Башар Ассадын айлчлал олон утга илэрхийлэв  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй