Шууд Chart

Цагаач дүрвэгчдийг баривчлахаа зогсоохыг Чехэд уриаллаа

2015-10-23 15:24:58

Чехэд дүрвэгч цагаачдыг баривчлах болсон явдлыг НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас зэмлэн буруушааж байна. Наймдугаар сараас хойш Чех улсад хүрч очсон дүрвэгч цагаачидтай ийнхүү зүй бусаар харьцахаа болихыг тус газраас уриалжээ.

Өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Зейд Раад аль-Хусейн энэ асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Сүүлийн 90-ээд хоногийн дотор Чех улсад очсон зарим дүрвэгч цагаачийг баривчлах болсон гэх мэдээлэл байгаа талаар байна. Түүнчлэн баттай эх сурвалжаас авсан мэдээгээр дүрвэгч цагаачдыг нүцгэлж шалган, тэдний авч яваа мөнгийг хураах явдал тогтмол гарч байна гэх мэдээ баттай эх сурвалжаас ирсэн хэмээн мэдэгдэлд онцолжээ.

Эдгээр мэдээлэлд үндэслэн дүгнэвэл хүний эрхийн зөрчил хүчирхийлэл Чехэд дүрвэгч цагаачдын талаар баримталж байгаа бодлогын салшгүй хэсэг болоод байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар үзэж байна. Түүнчлэн баривчлагдаад байгаа эдгээр дүрвэгч цагаач хуулийн үнэ төлбөргүй туслалцаа хүсэх эрхтэй тухайгаа мэдэхгүй байгаагаас шүүхэд хандах боломжгүй байгаа аж.

Энэ мэт баримт мэдээллийг үндэслэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Чех улсад дүрвэгч, цагаачдын эрхийг хүндэтгэх, тэдэнд язгуур эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар дорвитой арга алхам авахыг уриалсан байна. Энэ мэдэгдлийн хариуд харин Чех улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч тус улсын засгийн газар хүний эрх, хуульт ёсыг дээдэлдэг болохыг мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаач дүрвэгчдийг баривчлахаа зогсоохыг Чехэд уриаллаа  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй