Шууд Chart

Зүүн Өмнөд Азийн зарим улсыг түймрийн утаа нөмрөөд байна

2015-10-23 15:44:19

Зүүн Өмнөд Азийн зарим улс орныг түймрийн утаа бүрхээд байна. Энэ утаа Индонезид гарсан ойн түймрээс үүдэлтэй бөгөөд цаг уурын төлөв байдлаас ажиглахад ирэх он гартал утаа намжихгүй төлөвтэй байгаа юм байна. Индонезид дал мод, каучук тариалах талбай гаргахын тулд ойд хууль бусаар гал тавих явдал байнга гардаг. Энэ шалтгаанаар Калимантан, Суматра аралд гарсан ойн түймэр олон сар дамнан ассаар байна.

Түймрийн утаа Малайз, Сингапур болон Тайландын өмнөд нутгаар тархаж, тус орнууд дахь агаарын бохирдлыг ноцтой түвшинд хүргээд байгаа юм. Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн нийт 28 орчим сая хүн утаагаар амьсгалж байна гэх тооцоог эрдэмтэд гаргажээ. Түймрийн утаа өтгөрснөөс зарим дунд сургууль түр үүдээ барьж, олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагджээ.

Малайзын эрх баригчид түймрийг намжаахын тулд гал унтраагч нисдэг тэрэг гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Аравдугаар сард Зүүн өмнөд Азийн зарим оронд борооны улирал эхэлдэг боловч энэ онд халуун агаарын урсгал тус бүс нутгийг дайран өнгөрч байгаа учраас хур бороо бага орох төлөвтэй байгаа юм байна. Үүнээс шалтгаалан ирэх нэгдүгээр сард ч Зүүн Өмнөд Азийн бүс нутгаар утаатай хэвээр байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн Өмнөд Азийн зарим улсыг түймрийн утаа нөмрөөд байна  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй