Шууд Chart

Цагдаагийн ажилтнууд ёс зүйн хувьд иргэдээс муу үнэлгээ авчээ

2015-10-23 17:35:08

Цагдаагийн алба хаагчид болон тэдэнтэй харилцсан иргэдийн дунд цагдаагийн харилцаа ёс зүйн судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар цагдаа иргэнийг сонсдоггүй, мэдээлэл өгдөггүй, дахин дахин явуулдаг гэж иргэд үнэлсэн байна. Нийтдээ 11 үнэлгээнээс дээрх гурван дутагдлаар цагдаагийн ажилтнууд иргэдээс муу үнэлгээ авсан байна.

Цагдаагийн ажилтан надтай муухай харилцлаа, албан үүрэгтээ хайнга хандлаа гэх гомдол өдөрт дунджаар 35-40 удаа иргэдээс ирдэг байна. 2015 оны эхний есөн сарын байдлаар 1028 албан хаагч дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэстээ шалгагдаж арга хэмжээ авахуулжээ. Эднээс 55 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Цагдаа ёс зүйн алдаа гаргана, өөрөө гэмт хэрэгт холбогдоно гэдэг бол жирийн иргэдийн цагдаад итгэх итгэлийг алдагдуулах, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэхүйл явдал болдог. Тиймээс өөрийн хүсэлтээр цагдаа болох гэж байгаа залуучууд эрүүл саруул бие бялдартай байхаас гадна ёс зүйн талаар хүлээсэн үүргээ ухамсарладаг байх нь хамгийн чухал юм.

Ёс зүй гэдэг бол тогтоосон дүрэм журам биш. Хүн ёсны энэ асуудал жижигхэн зүйлээс эхтэй. Согтуу хүнийг согтуугаар нь далимдуулан гавлаж зодохыг ёс зүй гэхгүй. Гэмт хэрэгт холбогдсон иргэний ар гэрт нь учрыг тайлбарлалгүй араасаа дагуулан алхахыг хэлэхгүй. Гэртээ очоод эхнэр хүүхдээ хүчирхийлэхийг хэлэхгүй. Өнгөрсөн зун Чингэлтэй дүүргийн эргүүлийн цагдаа н.Энхтүвшин зам уруудан өнхөрч байсан жолоочгүй автомашинуудыг өөрийн унаж байсан албаны машинаараа зогсоож олон хүний амь насыг эрсдэхээс хамгаалж чадсан. Бас аавыгаа эмнэлэгт хүргэж явсан залууд өөрийнхөө хувийн унааг тусламж болгон өгсөн сайхан сэтгэлтэй цагдаагийн тухай уншигч та сонссон байх.

Яг л ийм хүнлэг ёс зүйг амьдрал дээрээ ч, ажил дээрээ ч хэрэгжүүлж чаддаг цагдаатай болохыг хүсдэг гэдгээ иргэд хэлж байсан юм.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдаагийн ажилтнууд ёс зүйн хувьд иргэдээс муу үнэлгээ авчээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй