Өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын батлан хамгаалах салбарын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд хориг тавин, Конгресст хэлэлцүүлэхээр буцаажээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан 7 жил орчмын хугацаандаа хориг тавих эрхээ 5 дахь удаагаа эдэлж байгаа нь энэ юм.
Ирэх онд АНУ-ын батлан хамгаалах салбарт 612 тэрбум америк долларыг төсөвлөсөн энэ хуулийн төсөл тус улсын конгрессийн хоёр танхимд аль аль намын өргөн дэмжлэгтэй батлагдаад байсан юм байна. Конгресст олонх суудлыг эзэлдэг Бүгд найрамдах намынхан болон Ерөнхийлөгч Обамагийн хооронд тус улсын холбооны төсвийг нэмэх эсэх, хэрэв тийм бол ямар ямар салбарын төсвийг өргөтгөх асуудлаар маргаан гараад байгаа юм. Энэ маргаанаас үүдэлтэйгээр Обама ирэх оны батлан хамгаалах салбарын төсвийн тухай хуулийн төсөлд хориг тавьжээ.
АНУ-д бүх салбарын төсвийн зардлыг танах тухай 4 жилийн өмнө батлагдсан хуульд заасан төсвийн дээд хязгаарыг батлан хамгаалах салбарт өөрчлөн тогтоох асуудлаар Обама Бүгд найрамдах намтай санал нэгдсэн байна. Гэвч зөвхөн батлан хамгаалах төдийгүй дотоодын бусад салбарын төсвийг нэгэн адил нэмэх нь зүйтэй гэж Обама үзэж байгааг Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байгаа юм байна. Обама энэ удаагийн төсөлд хориг тавихдаа олон нийтийн анхаарлыг тус асуудалд хандуулахын тулд хэвлэл мэдээллийнхнийг урьж, байлцуулсан байна.
Батлан хамгаалах салбарын төсвийн тухай хуулийн төсөлд Обама хориг тавьснаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд орууллаа хэмээн тус улсын зарим хууль тогтоогчид зэмлэнгүй байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Ирэх оны АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвөөс 1 тэрбум орчим америк долларыг Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч босогчид болон Украйны Засгийн газарт тусламж хэлбэрээр олгохоор энэ хуулийн төсөлд тусгасан байсан юм байна.
| Обама АНУ-ын батлан хамгаалах салбарын 2016 оны төсөвт хориг тавилаа | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.