Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд аж үйлдвэржсэн орнууд хөгжиж байгаа улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх үүрэг хүлээх ёстой хэмээн хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчид үзэж байна. Ирэх сарын сүүлээр Парист эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын бэлтгэл уулзалт Германы Бонн хотод үргэлжилж байна. Энэ уулзалтанд оролцогч улс орнууд өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэр хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчид энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Бонн хотод болж байгаа бэлтгэл уулзалтанд хөгжиж байгаа улс орнуудын бүлгийг Өмнөд Африкийн засгийн газрын төлөөлөгч төлөөлж байгаа юм.
Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа дэлхий дээрх дундаж температурын өсөлтыг 2 градусаас доош бууруулахын тулд хөгжиж байгаа улс орнууд санхүүгийн туслалцаа авах зайлшгүй шаардлагатайг онцолсон байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцогч улс орнууд хөгжиж байгаа орнуудад санхүүгийн тусламж заавал үзүүлэх тухай 2020 оноос хойш хэрэгжих суурь конвенцийн агуулгад тусгах ёстой хэмээн Өмнөд Африкийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудад дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулан олгох санхүүгийн тусламжийг 100 тэрбум америк долларт хүргэхээр аж үйлдвэржсэн орнууд санал нэгдсэн юм.
Гэвч энэ зорилт биелэх эсэх нь тодорхойгүй байгаагийн дээр 2020 оноос хойшхи санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байгаа юм байна. Аж үйлдвэржсэн орнууд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ өндөр хөгжилтэй орнууд төдийгүй сүүлийн үед хурдацтай хөгжиж, хөрөнгөжсөн хөгжиж байгаа зарим улс орон санхүүгийн тусламж үзүүлэхэд гар бие оролцох ёстой гэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр санхүүгийн тусламжийн тухай энэ асуудал яриа хэлэлцээний гол сэдэв байх болов уу хэмээн ажиглагчид таамаглаж байна.
| Дэлхийн дулааралтай тэмцэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж шаардлагатай | ||
| Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.