Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг 2012 онд Тэнгэр-Уул констракшин компани тендерт шалгаран эхлүүлж 2013 оныг дуустал үргэлжлүүлсэн боловч 2014 онд хөрөнгө шийдэгдээгүйн улмаас зоссон байдаг. Тэгвэл энэ онд Зам тээврийн яам дахин тендер зарлаж гүйцэтгэгчээр Насны зам компани, туслан гүйцэтгэгчээр Чайна Жиангсу Жианда констракшн ажиллаж 10 дугаар сарын наймнаас Загастайн давааны хясааны орчмын ухмал болон тэсэлгээний ажлыг хийж байна. Одоогийн байдлаар давааны нэлээд хүнд хэсэг болох 6 км хавцалтай замын ажлыг эхлээд 10 гаруй хонож байгаа юм. Хамгийн хүнд энэ хэсгийн ажлыг хоёр сарын дотор гүйцэтгэж дуусгахаар төлөвлөжээ.
Авто замын ажил эхэлж байгаатай холбогдуулан Зам тээврийн сайдын тушаалаар хоёр сарын хугацаатай Загастайн давааны чиглэлийн зам давааг хааж, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Улиастай-Доной-Сайрын дөрөлж-Цахирын дөрөлж-Зүйлийн төв-Яруу сум-Дахтын даваа-Тэлмэн гэсэн чиглэлээр явуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар тэсэлгээ хийх газруудыг өрөмдөж бэлдсэн байна. Маргааш буюу 10-р сарын 25-ний өдрөөс тэсэлгээг хийж эхэлнэ. Одоогоор 30 орчим хүн, 15 машин техниктэйгээр ажиллаж байгаа гэдгээ хэлж байна. Энэ хэсгийн замын ажлыг 12 дугаар сарын таваас өмнө хийж дуусган Загастайн давааг нээхээр төлөвлөж байгаа юм. Харин Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн энэхүү 67 км хатуу хучилттай автозам ирэх жилийн 11 сарын сүүлээр ашиглалтад орно гэж тооцоолж байгаа аж.
| Загастайн давааг хаана | ||
| Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.