Хятад, Япон, Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүнүүд ирэх сарын эхээр Сөүлд гурван талт дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Умард Солонгосын асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна. Энэ уулзалтанд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын төрийн зөвлөлийн тэргүүн Ли Кэцян болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар оролцох юм.
Гурван улсын төр засгийн тэргүүнүүд хамтран гаргах энэхүү мэдэгдэл нь Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэх аливаа үйлдлийг эсэргүүцсэн утгатай байх ажээ. Тодруулбал, Солонгосын хойгийн энх тайван байдлыг хадгалахын тулд Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, зургаан талт яриа хэлэлцээнд эргэн нэгдэхийг энэ мэдэгдлээр шаардах юм.
2008 онд Хятад, Япон, Өмнөд Солонгос дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаагийн уулзалтаас гарах хамтарсан мэдэгдлийг 2008 оны уулзалтаар боловсруулсан хамтарсан мэдэгдэлтэй нийцүүлэх эсэхийг гурван орны засгийн газар хэлэлцэж байна. Хэрэв тэгэхээр болбол гурван орны дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулах талаар шинэ хамтарсан мэдэгдэлд тусгах юм. Түүнчлэн ирэх оны дээд хэмжээний уулзалтыг Японд зохион байгуулах талаар энд тусгах эсэхийг мөн ярилцаж байгаа юм.
Ирэх сарын гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Япон, Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүнүүд нэгдсэн уулзалтаас гадна хоёр талт уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал Шинзо Абэ гурван талт уулзалт эхлэхийн өмнө Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Кэцянтай, уулзалт эхэлсний дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе-тэй тус тус ганцаарчлан уулзах юм.
| Хятад, Япон, Өмнөд Солонгос Умардын асуудлаар хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.