Шууд Chart

Өмнөд Африкийн оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэн жагслаа

2015-10-24 17:11:56

Өмнөд Африкийн засгийн газар ирэх оноос их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхээр төлөвлөж байсныг оюутнууд хүчтэй эсэргүүцэж энэ 7 хоногт ширүүхэн жагсаал тэмцэл өрнүүлсэн. Тэгвэл өчигдөр болсон ээлжит жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдөж, байдал хурцадсан байна.

Улмаар өчигдөр нийслэл Преторид үргэлжилсэн жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдөж нөхцөл байдал үүссэнээр цагдаа нар засгийн газрын ордон руу дайран орохоор завдсан оюутнуудыг зогсоохын тулд резинэн сум, даралтат ус шүршигч ашиглажээ. Өмнөд Африкт 1994 онд апартейдийн дэглэмийг халснаас хойш болсон хамгийн хурц ширүүн томоохон энэ эсэргүүцлийн ажиллагааг намжаахын тулд ерөнхийлөгч Жэйкоб Зума оюутнуудын төлөөлөл, их сургуулиудын удирдлагыг байлцуулан ярилцсаны эцэст сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэж, энэ тухай олон нийтэд зарлав.

Тодруулбал, Өмнөд Африкийн их, дээд сургуулиуд төлбөрөө ирэх онд 10-12 хувиар нэмэх саналаа тус улсын засгийн газарт хүргүүлээд байсан юм. Энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн оюутнууд жагсаал тэмцэл эхлүүлсэний дараа төлбөрийн нэмэгдлийг 6 хувь болгож бууруулахаар засгийн газраас санал тавьсан ч оюутнууд хүлээж аваагүй. Ийнхүү 7 хоног гаруй үргэлжилсэн оюутнуудын жагсаалаас үүдэн Өмнөд Африкийн хэд хэдэн томоохон их дээд сургуулийн үйл ажиллагаа түр зогсчээ. Одоогоор жагсаал намжиж, оюутнууд өөрсдийнх нь талд шийдвэр гарсанд баярлан тэмдэглэж байна. Гэхдээ тэд сургалтын төлбөр 2016 оноос цааш хэрхэх бол гэдэгт санаа зовниж буй ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Африкийн оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэн жагслаа  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй