Сүүлийн 50-иад жилд үзэгдээгүй асар хүчит далайн хар шуурга дошгин салхи, ширүүн аадар бороо дагуулан Мексикийн баруун талын Халиско мужийг дайран өнгөрлөө. Хар салхи Мексикийн нутаг руу орох үедээ, далайн шуурганы хүчийг хэмждэг Саффир-Симпсоны шатлалаар тавдахь буюу хамгийн дээд түвшинд шуурч байсан байна.
Харин Мексикийн баруун талын Халиско мужийн нутгийг дайран өнгөрсний дараагаас эрч нь суларч, 4-р түвшин руу буурсан тул цаашлах тусмаа ердийн далайн шуурга болж хувирах төлөвтэй байгаа гэнэ. “Патрисиа” хар шуурга Мексикийн эргийн бүсийг дайрахаас өмнө тус улсын эрх баригчид болзошгүй гарз хохирлыг бууруулах зорилгоор 3 мужид онц байдал зарлан, Номхон далайн эргээр оршин суудаг олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Патрисиа хар шуурга Мексикийн Номхон далайн эргийг 265 км/цаг хурдтай дайрснаар Америк тивийн түүхэн дэх хамгийн хүчтэй хар шуурга болж тэмдэглэгдэн үлдэж байна. Одоо хар салхи эргийн бүс нутгаас холдож уулархаг нутгуудаар шуурах учраас үер, хөрсний гулгалт үүсэх аюултай байна. Мексикийн гамшгийн үндэсний сангаас мэдээлснээр, гамшигт өртөх эрсдэлтэй бүс нутгуудад 400 мянга орчим хүн аж төрдөг байна. Иймээс цаашид гарч болзошгүй хор хохирлоос сэргийлэх ажил эрчимтэй өрнөсөөр байна. Одоогийн байдлаар 240 мянга гаруй хүний түр оромж бэлдээд байгаа бөгөөд Халиско, Колима, Наярит мужуудад 50 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй баг, тэнгисийн цэргийн 4 мянган офицер илгээсэн байна.
| Мексикийг хүчтэй хар шуурга дайрлаа | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.