Уржигдар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болон ОХУ, Саудын Араб, Туркийн гадаад хэргийн сайд нар Австрийн нийслэл Вена хотод Сирийн асуудлаар уулзлаа. Энэ удаад талуудын яриа хэлэлцээ тоймтой шийдэлд хүрч чадаагүй ч ирэх 7 хоногийн баасан гараг гэхэд Европ болон Ойрхи Дорнодын зарим орныг урьж, өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар болсон байна.
Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын гол сэдэв нь Сирид шилжилтийн үеийн засгийн газар хэрхэн байгуулах тухайд байв. Уулзалт амаргүй уур амьсгалд өрнөсөн ч Сирийн асуудлаар яриа хэлэлцээний механизм эхлүүлэхийг дэмжинэ гэдгээ талууд илэрхийлжээ. Түүнчлэн Сири дэх агаарын ажиллагаагаа харилцан уялдуулах зорилгоор Орос, Иордан улсууд хамтарсан зохицуулах төв байгуулахаар тохиролцсоныг ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров танилцуулж, АНУ, Саудын Араб, Туркийг энэ санаачлагад нэгдэхийг урьсан. Гэвч Оросын онгоцууд ихэнхдээ Сирийн аядуу сөрөг хүчнийхний хяналтан дах нутгуудыг бөмбөгдөж байна гэж үзэж байгаа АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд Орос-Иорданий санаачлагад нэгдэх Оросын саналыг хүлээж аваагүй байна.
Үүний зэрэгцээ АНУ тэргүүтэй эвсэлд багтаж байгаа Иордан улс Оростой хамтран ажиллах болсоноор өмнөх эвслээс гарна гэсэн үг биш гэдгээ мэдэгдсэн байна. Энд дурдахад, агаарын ажиллагаагаа ОХУ-тай уялдуулж, санамсаргүй будлиан, осол эндэгдэл гаргахаас сэргийлэхэд хамтран ажиллах тухайд АНУ тэргүүтэй эвсэл дорвитой алхам хийгээгүй байгаа юм.
Түүнээс гадна энэ удаагийн уулзалтаар талуудын санал зөрөлдсөн гол сэдэв нь Сирийн удирдагчийн тухай асуудал байлаа. Сирийн хямралыг шийдвэрлэхийн тулд тус улсын одоогийн ерөнхийлөгч Башар Ассадыг заавал огцруулах шаардлагатай гэдэг дээр АНУ, Саудын Араб, Турк санал нэгтэй байна. Харин Сирийн хямралыг шийдвэрлэхэд Ассадын үүрэг, нөлөө их хэмээн Оросын тал үзэж байгаа юм. Үүнээс гадна ирэх 7 хоногт болох уулзалтанд ямар ямар улсыг нэмж оролцуулах талаар талууд ярилцсан байна. Талуудын өгсөн мэдээллээс үзэхэд Европын зарим улс орон, түүнчлэн Иран дараагийн уулзалтад оролцож магадгүй юм байна.
| Сирийн асуудлаарх 4 талт уулзалт боллоо | ||
| Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.