Британий “Голден Игл лакшери трэйнс” компани Их Торгоны замын дагуу Тегеранаас Москва руу зорчих жуулчны галт тэрэгний маршрут нээхээр төлөвлөж байгаа талаар “Файнэншл таймс” сонинд мэдээлсэн байна. Аялагч зорчигчид Оросоос Иран орох замдаа Казахстан, Узбекистан, Туркменистан гурван улсын нутгаар дайрч өнгөрөх учиртай. Нийт 10 мянга орчим км үргэлжлэх аяллын туршид зорчигчид зочид буудлын өрөөний зохион байгуулалтаар тохижуулсан тухлаг купе-нд 14 шөнийг өнгөрүүлэх болох юм.
Ийм аяллын өртөг нэг хүний 13 590 фунт стерлинг буюу манайхаар 41 сая орчим төгрөг болж магадгүй гэж байна. Энэ төсөлд бас нэг гол бэрхшээл байгаа нь төмөр замын царигийн асуудал гэдгийг аяллыг зохион байгуулагчид ярьсан байна. Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн ихэнхи оронд төмөр замын өргөн царигтай байдаг.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд галт тэргээ Туркменистанд тусгай “тэргэнцэр” дээр байрлуулж, түүгээрээ ираны хилийн хот Сарахш хүртэл явуулах санал дэвшүүлж байгаа юм байна. Энэ дашрамд сануулахад, ОХУ-ын эрх баригчид хятадын түншүүдтэйгээ хамтран оросын нийслэлийг Бээжинтэй холбосон хурдны төмөр зам барих асуудлыг судалж байгаа.
Галт тэрэг цагт 350 км-ээс дээш хурдтай зорчих боломжтой байхаар төлөвлөж байгаа энэхүү хурдны төмөр замын төслийн өртгийг өнгөрсөн онд ойролцоогоор 1 их наяд рубль орчимд яригдаж байсан. Гэвч түүнээс хойш валютын зах зээлийн нөхцөл байдал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, энэ хэмжээний бүтээн байгуулалт хавьгүй өндөр өртөгтэй тусч мэдэхээр байгаа юм.
| Тегеран-Москвагийн хооронд галт тэрэгний шинэ маршрут нээгдэж магадгүй | ||
| Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.