Шууд Chart

Дүрвэгч цагаачдын асуудлаар шуурхай дээд хэмжээний уулзалт боллоо

2015-10-26 11:12:19

Европын холбооны эрх баригчид Балканы хойгт үүссэн дүрвэгч цагаачдын хямралын асуудлаар байр суурийн ялгаа зөрөөг арилгах, нэгдсэн саналд хүрэх зорилгоор Бельгийн нийслэл Брюссельд шуурхай дээд хэмжээний уулзалт зохион байгуулжээ. Энэ уулзалтанд Европын холбооны 11 орноос гадна Европын холбооны гишүүн бус 3 улс оролцлоо.

Европын холбоотой дүрвэгч цагаачдын асуудлаар хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж байсан Турк улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцоогүй нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Өнгөрсөн долоо хоногт Грек улсад өдөрт 9 мянга гаруй дүрвэгч цагаач хүрч очсон нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Ийнхүү Европыг зорих цагаач дүрвэгчдийн тоо улам нэмэгдсээр байгааг харгалзан энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар 17 зорилтот үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. 

Төлөвлөгөөний дагуу Грект энэ оны сүүл гэхэд 30 мянган цагаач дүрвэгчийг орогнуулах төв нээхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас тус улсад нэмж 20 мянган дүрвэгч цагаачийг орогнуулах газар бэлтгэх юм байна. Герман, Скандинавын орнуудыг зорих дүрвэгч цагаачдын цуваа ихэвчлэн Балканы орнуудаар дамжин өнгөрдгийг харгалзан эдгээр орнуудад мөн дүрвэгч цагаачдын 50 мянган түр орогнох байр байгуулахаар болсон байна.

Үүнээс гадна нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа дүрвэгч, цагаачдын урсгалыг зохицуулахад хүн хүч дутагдаж байгаа Словенид 400 цагдаа илгээх, хөрш улс орнууддаа урьдчилан мэдэгдэлгүйгээр дүрвэгч цагаачдыг бусад орны хил рүү оруулахгүй байх, цагаач дүрвэгчдийн тоог бусад улс оронд мэдээлэх үүрэгтэй харилцаа холбооны ажилтнууд томилох зэрэг заалт төлөвлөгөөнд тусгагдсан байна. Төлөвлөгөөг эсэргүүцэх улс орон цөөнгүй байсны дээр Туркийн оролцоогүйгээр дүрвэгч цагаачдын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг боломжгүй гэж үзэх ажиглагчид бас байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгч цагаачдын асуудлаар шуурхай дээд хэмжээний уулзалт боллоо  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй