Өчигдөр Польш улсад болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Пропорциональ тогтолцоотой тус улсын сонгуулиар парламентын доод танхимын 460, дээд танхимын 100 суудлын төлөө намууд өрсөлдсөн байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хууль-шударга ёс сөрөг хүчний нам 39,1 хувийн саналаар ялалт байгуулжээ. Одоогийн эрх баригч Иргэний-индэр намынхан нийт саналын 23,4 хувийг авсан байна. Хууль-шударга ёс намынхан ийнхүү 39,1 хувийн санал авснаар засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжтой болж байгаа юм байна. Уг нам нь Польшийн хөдөө орон нутагт олон дэмжигчтэй бөгөөд Европын холбооны эсрэг үзэлтэй нам юм.
Иймээс Хууль-шударга ёс намын бүрэн эрхийн хугацаанд Польшийн баримтлах бодлого Европын холбооны бодлоготой зөрчилдөх вий гэсэн болгоомжлол ажиглагчдын дунд байна. Энэ удаагийн сонгуулиар Польшид 1989 оны ардчилсан хувьсгалаас хойш анх удаа нэг нам дангаар засгийн газрыг бүрдүүлэхүйц олон санал авч байгаа нь энэ юм байна. Сонгуулийн бас нэг онцлог нь Зүүний үзэлтэй нэг ч нам парламентад суудал авч чадаагүй явдал байлаа.
Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан Хууль-шударга ёс намын дэд дарга Беата Шидлог ерөнхий сайдад томилохоор хэлэлцэж байгаа юм байна. Хууль-шударга ёс нам Польшийн ард түмний ядуу буурай хэсэгт үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлнэ хэмээн амласан. Түүнчлэн тус улсад дүрвэгч цагаачдад орогнол олгохын эсрэг байр суурьтай байгаа юм байна. Польшийн одоогийн засгийн газар улсдаа 7 мянган дүрвэгч цагаачдад орогнол олгохоор шийдвэрлэсэн нь тус намын зүгээс хүчтэй шүүмжлэл хүлээж байсан юм.
| Польшийн парламентын сонгууль боллоо | ||
| Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.