Шууд Chart

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд үдээс өмнө хуралдлаа

2015-10-26 15:07:10

МАН-ын бүлэг энэ оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Ирэх оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасагдах болж байна. Үүнийг тус бүлэг дэмжих боломжгүй гэж үзжээ.

Хямралын үед төрийн албаныхны цалинг хасах биш, нэмж давах ёстой. Тиймээс гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөний зэрэг бууруулах боломжтой зардлуудаа танаж, цалин, тэтгэвэр нэмэх ёстой гэлээ.  

Мөн ДЗЗ-д нефтийн үнэ хоёр дахин буучихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь, Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулаг суманд 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол нийслэлд 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр буулгасан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах Орлогын албан татварыг нэмэх биш, харин ч буулгах ёстойг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Мөн тус бүлэг Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага тавихаар санал нэгджээ.

Харин УИХ дахь Бие даагч гишүүд УИХ-аар хэлэлцэж буй анхаарал татсан гол хуулиудаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэд энэ 7 хоногт төсвийн асуудалд анхаарал хандуулна гэлээ. Түүнчлэн гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Засгийн газар цалин, тэтгэвэр нэмж чаддаггүй юм гэхэд худалдан авалтыг нь унагаж болохгүй. Төрийн албан хаагчдыг цомхотгож хэмнэлт гаргахын оронд Оюутолгойн зөвлөгөө нэрээр АНУ-ын зөвлөх компанид өгөх 17.5 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээ. Үүнээс 5 тэрбумыг өнгөрсөн онд явуулсан, 2.5 тэрбумыг оны сүүлчээр шилжүүлнэ. Ирэх жил 10 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн байна. Төрөөр тоглож байгаа энэ үйлдэлд бие даагчид байр сууриа илэрхийлнэ" гэлээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд үдээс өмнө хуралдлаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй