Шууд Chart

Сирид сонгууль зохион байгуулах саналд Ассад нааштай хандаж байна

2015-10-26 15:47:43

Өнгөрсөн 7 хоногт Москвад айлчилсан Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Сирид байлдааны ажиллагаа бүрэн дууссанаас 18 сарын дотор парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах Оросын талын тавьсан саналд нааштай хандаж байна хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаар очсон Оросын төрийн думын  зарим гишүүдийг өчигдөр Башар Ассад Дамаскт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Ассад Оросын зэвсэгт хүчнийхэн Сирид агаарын ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлээд, тус улсын тусламж дэмжлэггүйгээр Сирийн хямрал мөргөлдөөн хурцадмал хэвээр байх байсныг онцолсон байна.

Түүнчлэн хямрал мөргөлдөөн дуусч, Сирид энх тайван тогтсоны дараа Ассадын тэргүүлсэн засаг захиргаа шаардлагатай гэж үзвэл ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах бэлтгэлтэй байгааг яриад, өөрөө ч энэ сонгуульд нэр дэвшин, дахин сонгогдохоор өрсөлдөж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ сонгуульд Сирийн хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн уриатай нам, бүлэглэл бүхэн, тэдгээрийн дотор сөрөг хүчний босогчид ч өрсөлдөх боломж олгоно, мөн үндсэн хуульд өөрчлөлт шинэчлэл хийх асуудлаар ярилцахад бэлэн  гэж Ассад ярьсан талаар уулзалтанд оролцсон ОХУ-ын төрийн думын гишүүд мэдээлснийг Оросын хэвлэлүүд дамжуулсан байна. Гэхдээ энэ бүхнээс тэргүүнд Сирийн нутаг дэвсгэрийг террористуудаас бүрэн чөлөөлөх шаардлагатай гэдгийг Ассад мөн онцлон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирид сонгууль зохион байгуулах саналд Ассад нааштай хандаж байна  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй