Шууд Chart

СЕХ-ны төсөвт 1.8 тэрбум төгрөг нэмж суулгахыг дэмжсэнгүй

2015-10-27 14:45:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд байнгын хорооны хуралдаанд оролцсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гарсангүй. Харин хуулийн төслүүдтэй холбогдуулан зарим гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг сонссоны дараа санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей УИХ-ын Тамгын газрын 2016 оны төсвийн урсгал зардлаас 667.1 сая төгрөгийг хасч, тэр хэмжээгээр нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны ирэх оны төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн хязгаарлагдмал хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж тоо, чанарын ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй, халтуурлаж оромдсон байдалтай байгаа тул 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хавсралтыг Засгийн газарт буцааж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад дахин боловсруулж оруулж ирэх санал гаргасан нь дэмжигдсэнгүй. Үүгээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


СЕХ-ны төсөвт 1.8 тэрбум төгрөг нэмж суулгахыг дэмжсэнгүй  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй