![](/uploads/201510/news/thumb/84454eca130296ab5c4034187498cc8c_x3.jpg)
Энэ сарын 22-27-ны хооронд ӨМӨЗО-ы Хөх хотноо зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар экспо”-ы хүрээнд аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч зэрэг салбаруудад хамтран ажиллах нийт 100 гаруй санамж бичиг, гэрээ, хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тодруулбал, хамтарсан экспог цаашид хоёр жил тутамд зохион байгуулах санамж бичигт талууд гарын үсэг зурснаар ажил хэрэг болох боломж бүрдэж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд эхний хоёр удаагийн экспог БНХАУ-ын тал хариуцан зохион байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт болсон нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэхүү уулзалтаар хил дамнасан чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсныг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд эхний ээлжинд хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. БНХАУ-ын зүгээс мөн тооны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж.
Үүнээс гадна “Хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Олон улсын худалдааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт Монголын үйлдвэрлэгчид 10 павилион, 60 лангууг эхний жилд үнэ, төлбөргүй ашиглах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, дотоодын бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд таниулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх эхний алхам болсон юм. Цаашид Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах байнгын ажиллагаатай худалдааны төвүүдийг ӨМӨЗО-ы хүн ам олноор суурьшдаг, аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн томоохон хотуудад байгуулах талаар БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хороотой ярилцаж байгааг энэ үеэр мэдээллээ.
Шилийн гол аймагт бараа, бүтээгдэхүүнээ борлуулна | ||
Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.