Цагаачдын асуудлаар Брюссельд болсон “Балканы дээд уулзалт”-ын үр дүнг Герман улс болгоомжлонгуй үнэлж байна. Харин НҮБ Хойд Европыг чиглэсэн дүрвэгсдийн их урсгалыг хянах тухай Европын холбоо, Балканы орнуудын шийдвэрт баяр хүргэжээ.
Европын Холбооны гишүүн 11 улс, гишүүн бус 3 улсын төр засгийн тэргүүн нарын оролцсон энэ уулзалтаар, дүрвэгчид хүлээж авах төвүүддээ нэмж 100 мянган хүнийг хүлээж авахаар тохирсон юм. Өнгөрсөн ням гарагт эхэлж даваа гарагт шилжих шөнө өндөрлөсөн энэ хэлэлцээний дүнгийн тухайд Германы канцлер Ангела Меркель ярихдаа, Брюссельд хийгдсэн хямралыг гэтлэн давах оролдлогууд бол эхний алхам.
Үүний араас Европын Холбооны хүрээнд ачааллыг шударгаар дахин хуваарилах бусад алхам дагалдах ёстой гэдгийг дурдсан байна. Европын комиссын дарга Жан-Клод Юнкер “Хил хязгаарууд дээр эмх журам сэргээх цорын ганц боломж нь хүмүүсийн хяналтгүй урсгалыг хязгаарлах явдал. Үүний тулд дүрвэгчдийг хөрш орнууд руугаа дамжуулан гаргадаг байдлыг эцэс болгох хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Энэ зуур Германд эдийн засгийн цагаачдыг албадан нутаг буцаах асуудлыг түргэвчилсэн байдлаар шийдэх боломж олгосон хууль хэдийнэ хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн, мөн “дүрвэгсдийг нь хүлээж авахад аюулгүй гэж тооцогддог” орнуудын жагсаалтаа өргөжүүлж, албадан нутаг буцаагдах хүмүүсийн хугацааг сунгах шалгуурыг чангатгаад байгаа юм. Үүнээс гадна Германы эрх баригчид цагаачид буцаах асуудлаар Афганистан, Пакистан, Бангладеш болон бусад улстай хэлэлцээ хийж байна. Эдгээр арга хэмжээний дүнд суларсан байр талбайнуудыг жинхэнэ хэрэгцээтэй, орогнол авах шаардлагатай дүрвэгсдэд олгож, Герман улсад үндэс угсаагаар ялгаварлах чиг хандлага дэврэхээс сэргийлж чадна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлж байгаа юм байна.
| НҮБ “Балканы дээд уулзалт”-ын шийдвэрт баяр хүргэв | ||
| Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.